Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/849 дүгээр захирамж гаргажээ. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар батлагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 240 ортой цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталсан байна.
Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 358 сая 101 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгажээ.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт үүрэг болгосон байна.
Н.Болд