11.02

Онгоц агаарт сүйрсэн байх магадлалтай

Египетийн Синайн хойгийн Шарм-эш-Шейх хотоос ОХУ-ын Санкт Петербург хотыг чиглэн нисч явсан ОХУ-ын зорчигч тээврийн онгоц сүйрч, 224 хүн амиа алдсан билээ. Тэгвэл онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж буй олон улсын мэргэжилтнүүд “тус онгоц агаарт хуваагдаж, онгоцны хэлтэрхийнүүд эргэн тойрон цацагдсан” гэсэн дүгнэлтийг эхний удаа гарлалаа. 

ОХУ-ын агаарын тээврийн “Когалымавиа” авиа компанийн KGL 9268 нислэгийн дугаартай Эйрбус А321 зорчигч тээврийн онгоц Египетийн Синайн хойгийн Шарм-эш-Шейх хотоос ОХУ-ын Санкт Петербург хотыг чиглэн нислэг үйлдэж яваад хөөрсөнөөсөө хойш 23 минутын дараа радарын дэлгэцээс холбоо тасарчээ. Улмаар Египетийн албаныхан Синайн хойгийн Эл Ариш хотоос өмнөд зүгт ойролцоогоор 100 км зайтай нутагт 6-8 км квадрат талбайгаас онгоцны сэгийг илрүүлж, хохирогчдын цогцсыг цуглуулах ажлыг хийж байна. 

Одоогоор 168 хүний цогцсыг цуглуулжээ. Египетийн Кайро хотноо судалгааны ажил хийж буй Олон улсын шинжээчдийн багийг ахлаж буй Виктор Сороченко “Онгоц агаарт хуваагдаж, хэлтэрхийнүүд нь цацагдсан” гэж хэлсэн бөгөөд “Сүйрлийн шалтгааныг тодруулахад тодорхой хугацаа зарцуулагдана” гэж хэлжээ.