11.02

Өршөөлийн хуулиар 2000-3000 хоригдол эрх чөлөөтэй болно

Бүтэн гурван сарын турш нийгэмд хүлээлт үүсгэж, багагүй талцал хэрүүлийн бай болсон Өршөөлийн хуулийг УИХ нэг тийш болгосон нь баярлууштай. Энэ хуулийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 25 жилийн ойд зориулан гаргасан. Ийнхүү УИХ өнгөрсөн наймдугаар сард ээлжит бусаар хаалттай хаалганы цаана хуралдсанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг энэ хуулиар өршөөн суллахаар болсон нь араасаа маш их шүүмжлэл дагуулсан. 

Харин Ерөнхийлөгч авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлж болохгүй гэж үзсэнээр хориг тавьсан. Төрийн тэргүүнийн хоригийг УИХ хүлээж авах гэсээр хоёр ч сарын хугацааг барсан ч удтал хүлээлгэсэн хуулийг бүтэн болголоо. Ингэснээр авлига, албан тушаалын болон бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахааргүй болсон. Харин бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшихыг өршөөлд хамруулахаар болов. Түүнчлэн уг хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлнэ гэж заасан учраас дээр дурдсан зүйл заалтад хамаарах зүйл, заалтаар шийтгүүлсэн хоригдлууд наранд гарна. Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хэлснээр 2000-3000 хоригдол эрх чөлөөтэй болох юм. Ийнхүү манай улс зургаа дахь удаагаа Өршөөлийн хуулийг баталсан нь энэ юм. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагуудын албаныхны байр суурийг сонирхлоо.