11.02

Зөрчил гаргасан М-ойл компанийн удирдлагууд сайдын өрөөнд дуудагдав

Завхан аймгийн Яруу сумын нутагт байх модон гүүр аравдугаар сарын 27-нд нурсан осол гарсан билээ. Тодруулбал, тус гүүрээр М-ойл компанийн 30 тонны даацтай шатахуун ачиж явсан том оврын автомашин зорчих үед доош цөмрөн нурсан байна. 

Уг гүүр нь найман тонноос илүү даацын автомашин зорчихыг хориглодог байжээ. Гэтэл зорчих ёстой даацын хэмжээг хэтрүүлэн гарснаас болж ийн цөмөрч автомашины шатахуун шүүрч гоожин  нэлээдгүй хүнд нөхцөл байдал үүсгэсэн байна.

Тус гүүр нь 1970 онд баригдсан хуучны гүүр аж. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр жилд урсгал засвар хийгддэг гэнэ. Өнгөрсөн онд тус аймгийн Их-Уул сумын модон гүүр даац хэтэрсний улмаас хэд, хэдэн удаа нурж жолооч, иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан ажээ. 

Энэхүү ослын талаар өнөөдрийн ЗТ-ийн сайдын шуурхай хуралдаанаар хэлэлцэж, тус компанийн удирдлагуудыг дуудаж уулзахаар болсон байна.