Өнгөрсөн наймдугаар сард МАН хамтарсан Засгийн газраас гарах үед МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийх үеэрээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хандаж "Янз бүрийн хов жив ярихдаа гарамгай юм аа. Хэнтийгээс Улаанбаатар, Архангайн Чулуутаас Завхан хүртэлх замыг Б.Гарамгайбаатар даргын "Мон роуд" компани барьж байгаа. Энэ замыг ард түмэн там болсон гэж ярьж байна. Улсын мөнгийг авч бондын мөнгөөр барьж байгаа энэ замаа гарамгай сайн барь л гэж хэлмээр байна" хэмээж байв. Тэгвэл Б.Гарамгайбаатар гишүүний компанийн барьж буй замууд асуудалтай байгаа бололтой. Учир Зам тээврийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан өөрийн “Твиттер” хуудаснаа “#ЗТЯ. Гарамгай дарга аа, Халзанбүргэдэйн 100 км замаа ашиглалтад ав гээд битий дарамтлаад бай л даа, 52 км-т нь асуудал байна шүү дээ” хэмээн жиргэсэн байна.
Халзанбүргэдэйн замын асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг АТГ-т шалгуулахаар өгч байсан удаатай. Тодруулбал, өмнө нь Солонготын даваа-Халзанбүргэдэйн 100 км замыг 19.4 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Өвөрмонголын нэгэн компанитай гэрээ байгуулан ажилласан байдаг аж. Гэтэл эдийн засгийн хүндрэлээс болоод ажил 30 гаруй хувьтай зогссон байдаг. Ахиад тус замыг барихаар 2013 төсөвт суутгахдаа 37.2 тэрбум төгрөгөөр ажлыг нь гүйцэтгэх тогтоол гарсан байдаг. Төсөвт суутгасан мөнгөөр нь “Монроуд” ХХК гүйцэтгэхээр ажлаа эхэлсэн байдаг. Гэтэл долоо хоногийн дараа төсөвт өртөг 46 тэрбум болж өссөн нь мөн шалгуулах үндэслэл болж байгаа юм. Яагаад гэхээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын гарын үсэгтэй ЗГ-ын 124 дүгээр тогтоол дээр Солонготын даваа-Халзанбүргэдэйн 100 км зам бүтэнээрээ орж ирсэн байдаг. Өмнө нь Өвөрмонголын компани 30 гаруй хувьтай замаа тавьчихсан байсан.Энэ зам гэхэд 9 тэрбум илүү төсөвлөсөн байгаа. Ингээд энэ хоёр зам дээр дутсан 20 тэрбум төгрөгийн асуудалд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын оролцлоо байгаа хэмээн “Их Монгол нэгдэл” ТББ-аас өнгөрсөн 2014 онд мэдэгдэж байв.
Тэгвэл жил дамнасан эл асуудал өдгөө ч хэл амтай байгаа бололтой. Тиймдээ ч Б.Гарамгайбаатар гишүүн асуудалтай зам ашиглалтад оруулахаар Зам тээврийн яамныхныг дарамталж байгаа бололтой.
Н.АЗ