11.02

Сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл буурахгүй байгааг онцоллоо

“Глоб итернэшнл” төв, Нээлттэй нийгэм форум болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл буурахгүй байгааг онцоллоо. Тухайлбал, дэлхийн хэмжээнд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 540 сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтны амийг хөнөөсөн явдал гарчээ. Гэвч үүний 10 хүрэхгүй хувь нь шийдэгдсэн гэх тоо бий. 

Тэгвэл энэ дүр зураг Монголд ч бий болж, жил ирэх тусам тоо, давтамж нь нэмэгдэж байгаа нь сэтгүүлзүйн салбарынхны санаа зовоосон асуудал болоод буйг “Глоб интернэшнл” хэлэлцүүлгийн үеэр салбарынхан онцолсон. Ажил, үүргээ гүйцэтгэж яваа, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж буй сэтгүүлчийг эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын зүгээс буруутан болгох, айлгах сүрдүүлэх, баривчлах, хувийн аюулгүй байдалд халдах зэрэг асуудал үүсдэг гэв. Гэтэл ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчийг хохироосон цаад хүнд нь арга хэмжээ авсан тохиолдол тун ховор юм байна. Сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл гаргасан хоёр хүнд л арга хэмжээ авсан байна. 

Сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэх, мэдээ материалаа олонд хүргэх явцад саад учруулж, дарамталж, хорино гэдэг эргээд Монгол Улсын иргэн, ард түмний үнэн зөв мэдээлэл олж авах эрхэнд ноцтой халдсан үйлдэл гэдгийг салбарынхан онцолсон. Гэхдээ сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд хариуцлага тооцох асуудлыг хуулиар зохицуулжээ. Энэ нь томоохон амжилт гэдгийг ч дурдсан юм.