11.03

“Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аян зохион байгуулна

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн ирсэн. Тэмдэглэлт өдрийг угтан “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аяныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаа болон аяны талаар дэлгэрэнгүй өгөх үйл ажиллагаа өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн гуравдугаар давхрын Хурлын танхимд 10:00 цагаас болно. Мөн хэвлэлийн бага хурлын дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон тэдэнтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад талархал гардуулан өгөх “Талархлын цувааг” зохион байгуулах юм. Тус цувааг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курсийн төгсөгчид жолоодон явуулах юм байна.