11.03

Нийгмийн даатгалынхан банкуудтай хуйвалдаж, улсад онц их хэмжээний хохирол учруулжээ

Улсад олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт ганц аймаг, ганц дүүргийн нийгмийн даатгал болон банкны ажилчид оролцоогүй ажээ. Хөдөө орон нутаг болон нийслэлээс маш олон хүн холбогдон шалгагдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Одоо хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй тул шалгагдаж буй хүмүүсийн нэр усыг зарлах боломжгүй, түүнчлэн хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байгаа юм байна. Шалгалтын ажиллагаа үргэлжлэх тусам энэ хэрэгт холбогдогсод нэмэгдэж, хохирлын хэмжээ өсөх хандлагатай байгаа аж.

-ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148-ИЙН 4 ДЭХ ЗААЛТ ӨРШӨӨЛД ХАМРАГДААГҮЙ-

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Тодруулбал тус зүйлийн 4-т: “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Энэ бол хэдхэн хоногийн өмнө баталсан Өршөөлийн хуулиас “мултарч” үлдсэн зүйл заалтуудын нэг билээ.

Өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 91.2 хувийн саналаар дэмжин баталсан. Ингэснээр Өршөөлийн хуулийг хүлээж байсан 2500 орчим иргэн шоронгоос суллагдахаар болсон юм. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийг 148.4 дэх хэсэг/ гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй болсон юм. Бид дээрх залилангийн хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: medee.mn

Б.ЦЭЛМЭГ