11.05

Үүл дарга өс санав уу

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн аравдугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Засаг дарга "Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн" НӨҮГ-ын дарга Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргажээ. Энэ үед нь Б.Саранчимэг дарга ээлжийн амралттай байсан гэнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүр нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажилладаг. Гэвч энэ жил нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах боломжгүй гэдгээ Б.Саранчимэг дарга илэрхийлжээ. Энэ үйлдэл нь ажил олгогчийн итгэлийг алдсан гэж Э.Бат-Үүл дарга үзсэн гэнэ. Мөн дээрх үндэслэлээр Б.Саранчимэг даргыг ажлаас нь чөлөөлсөн гэсэн тайлбарыг зарим эх сурвалж хийж байна. Гэсэн хэдий ч үүнийг өөрөөр тайлбарлах нэгэн ч байгаа юм. 

Ямартай ч Б.Саранчимэг  2010 онд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилогдсоноосоо хойш өдгөө Улаанбаатар хотын ногоон байгууламжийн  23 хувийг бүрдүүлэхээр хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж чаджээ.  Тодруубал, усан оргилуур, ойн төгөл, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, сүүдрэвчүүд, ажилчдын автобусны зогсоол, дасгалын тоног төхөөрөмж, эко танхим, цагдаагийн талбай гээд нүдэнд харагдахаар зүйлсийг бүтээсэн аж. Мэдээж энэ ганц хүний ажил биш бөгөөд хамт олноороо зүтгэж, Эрээн хот, Сөүл хотын захиргаа, Мянганы хөгжлийн сангаас тусламж эрж төсвөөс хөрөнгө заралгүй босгосон гэх юм билээ. 

Хэдийгээр  www.ulaanbaatar.mn сайтын тогтоол, захирамж хэсэгт Б.Саранчимэгийг ажлаас халсан захирамж гараагүй байгаа ч тэрбээр ажлаа өгч байгаагаа өчигдөр хоолой зангируулан мэдэгдэнэ лээ. Тэгвэл хотын даргын энэ шийдвэр нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард тавьсантай холбож үзэх хүмүүс байна. Учир нь тэрхүү огцруулах саналд Б.Саранчимэг гарын үсэг зурсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж зарим эх сурвалж мэдээлсэн. Даргыг нь ажлаас чөлөөлсөн учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид өнгөрсөн сарын 25-ны өдрөөс хойш даргын гарын үсэг байхгүй гэсэн шалтгаанаар цалингаа аваагүй өдийг хүрчээ. Түүнчлэн шинэ дарга ирэхээс нааш цэцэрлэгт хүрээлэнгийнхэн ажлын хөлсөө авч чадахгүй гэнэ. Тиймээс Б.Саранчимэг ажлаа хүлээлгэн өгөхөөр болж Э.Бат-Үүл даргатай уулзсан гэдгээ хэлсэн бөгөөд “Э.Бат-Үүл даргад дахин хэлье, ажилчдыг маань халж сэлгэлгүй, тогтвортой ажиллуулахыг гуйя” хэмээсэн юм. 

Харин тэрбээр өөрийг нь ажлаас чөлөөлсөн шалтгааныг тодруулахад “Э.Бат-Үүл даргаас асуу” гэх товч хариултыг өгсөн юм. Ямартай ч олон нийтийн сүлжээгээр явж байгаа мэдээллээс харахад хотын дарга өөрийг нь огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас Б.Саранчимэгийг ажлаас нь халсан болж таарлаа. “Намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна” хэмээн мэдэгдсэн  хотын дарга өөрийг нь огцруулах гэж санаархсан нөхдөд өс санав уу эсвэл өөр шалтгаан байв уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ. 

Г.НАРАН