Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагт 300 ортой төрөх эмнэлэг барихаар төсөвлөж, барилгын ажил 60 хувьтай баригдаад хөрөнгө мөнгөнөөс болж царцаад байгаа. Уг эмнэлгийг барих ёстой мөнгөний үлдэгдэл болох 9.7 тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй, салхинд хийсээд алга болсон байна. Үүнийг Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй гэж “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ынхан үзжээ.
Анх 2010 онд улсын төсвөөс 18 тэрбум 707 сая төгрөг гарган Яармагт 300 ортой амаржих газар байгуулахаар болсон. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан дээрх 4 дүгээр амаржих газрын барилга ашиглалтад ороогүй байна. Өнгөрсөн жил Засгийн газрын шийдвэрээр тус амаржих газрын бүтээн байгуулалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэн дуусгахад 39 тэрбум шаардлагатай гэж үзэж байсан юм. Одоогоор барилгын явц 50-60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин нийт барилгын төсөвлөсөн хөрөнгөөс үлдсэн 9.7 тэрбум төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй алга болжээ. Тиймээс “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ынхан Авлигатай тэмцэх газарт үүнийг шалгаж өгөх хүсэлт тавьжээ.