Иргэдийн гадаад паспортыг ирэх оноос шинэчлэхээр болжээ. Энэ талаар УБЕГ-ын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын дарга Д.ЭНХЦЭЦЭГЭЭС тодрууллаа.
-Иргэдийн гадаад паспортыг шинэчлэх болсон талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газар 2010 онд Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Түүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэдийн гадаад паспортыг дэлхийн стандартад нийцүүлэхээр боллоо. Тодруулбал, тус хөтөлбөрийн хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу гадаад паспортыг шинэчлэх юм. Гадаад хэргийн сайдын тушаалаар энэ онд шинэ гадаад паспортын загварыг баталсан.
-Шинэ паспортын онцлог нь юу вэ?
-Шинэ гадаад паспорт нь тухайн иргэний мэдээлэл бүхий өндөр нууцлалтай чиптэй байх юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүний овог нэр, регистр, төрсөн он сар, өдөр гэсэн мэдээллээр хангасан байхаас гадна хурууны хээн мэдээллийг агуулна.
-Хурууны хээн мэдээлэл агуулсан гэхээр паспортны хугацаа дуусахаар сунгуулах шаардлагагүй болно гэж ойлгож болох уу. Хэзээнээс паспортыг олгож эхлэх вэ?
-Дэлхийн улс орнууд сунгалтын хуудастай паспорт ашиглахаа болиод удаж байгаа. Ийм паспорт нь олон улсын жишигт нийцээгүй, харьцангуй хоцрогдсон байдаг бөгөөд манай улсын иргэдэд гаднын виз олгоход сул тал болдог. Тиймээс шинэ загварын паспортыг сунгуулах шаардлагагүй. Хуучин паспортын хугацаа дуусч солих, хуудас нь дуусах, шинэ паспорт авах тохиолдолд гадаад паспортыг сольж олгоно. Түүнээс одоогийн иргэдийн хэрэглэж байгаа 2002, 2006 онд батлагдсан загварын паспортоор зорчих бололцоотой. Улаан паспортын хугацаа дуусч шинээр паспорт авахад нь2016 оны хоёрдугаар улирлаас шинэ загварынхыг нь олгож эхэлнэ.
-Шинэ загварын паспортыг хэвлэж эхэлсэн үү?
-Хэвлэж эхлээгүй. Одоогоор гэрээ хийх, үйлдвэрийг оруулж ирэх, бэлдэцээ татаж авах гээд тодорхой үе шаттай ажлыг хийж байна.
М.Энх