11.10

Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх шүүхүүдийн тамгын газартай хамтарч "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт уулзалтыг Нийслэлийн дүүрэг тус бүрт зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Уранзаяа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж нар оролцож, шүүхийн шинэтгэл, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар танилцуулж, шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн уулзалтад тус дүүргийн 120 гаруй иргэн оролцож, шүүхийн шинэтгэлийн талаар сонирхсон асуултдаа хариулт авахын зэрэгцээ шүүхийн үйлчилгээ, шүүгч нарын ёс зүйтэй холбоотой асуудлаар санал шүүмжлэл хэлж байв. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн цагийн хөлс хэтэрхий бага байгаа нь ирж, очих автобусны мөнгөнд ч хүрэлцэхгүй байгаа учраас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс иргэдийн төлөөлөгчийн цагийн хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг холбогдох албан тушаалтнуудад уламжилж өгөхийг хүсч байсан юм.