11.11

Эрүүл мэндийн салбарыг аль нам удирдах нь тодорхойгүй байна

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан. Түүнийг авилга авсан хэмээн буруутгаж, өдгөө урьдчилан хорих ангид саатуулаад байгаа.

 

Мөн Г.Шийлэгдамба удалгүй хорих ангиас захидал бичиж, өөрийгөө Эрүүл мэнд, спортын сайдын суудлаасаа огцруулж өгнө үү хэмээн, МАХН-ын нөхөд болон Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хандсан. Энэхүү хүсэлтийг нь Ерөнхий сайд хүлээн авч, өдгөө Эрүүл мэнд, спортын сайдын суудал хоосон байна.

 

Г.Шийлэгдамбыг огцорсны дараа энэ суудалд хэн очих вэ гэдэг асуулт олны өмнө таавар мэт байна. Уг нь энэ сайдын орон тоо “Шударга ёс” эвсэлд харьяалагдах тул дараагийн хүн нь гавьяат эмч Л.Жамбалжавыг байж магадгүй гэж таамагласан. Өмнө нь Н.Удвал Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байв.

 

Мөн МАХН-ын удирдлагууд Эрүүл мэнд, спортын салбарт ажиллах дараагийн нэр дэвшигчээ нам дотроо тохиролцоод ойрын өдрүүдэд оруулж ирэхийг Ерөнхий сайд даалгасан юм. Сайдын сул орон тоо гарснаар МАХН дотор "сайд" болох тэмцэл тун хүчтэй өрнөж байгаа бололтой. Одоогийн байдлаар МАХН-ын хүмүүс орон гарсан сайдын суудалд нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг томилохоор болсон тухай эх сурвалж хэлж байна. Үүнээс өмнө нь Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргад нэр дэвшүүлнэ гэсэн байв. Гэхдээ нөхцөл байдал хурцадмал байгаа учраас ЭМС-ын сайдын суудалд түүнийг томилох нь зүйтэй гэж тохирсон гэнэ.

 

Юутай ч МАХН-ынхны дунд ЭМС-ын сайдын суудал “сандал ширээ”-ний тэмцлийг хурцаар өрнүүлж эхэллээ. Хэдийгээр дээрх хувилбарууд бий боловч МАХН-ынхан Ц.Шаравдоржийг бараг томилох нь тодорхой болсон гэж ойрын хүмүүстээ хэлсэн сурагтай.

 

Гэтэл өчигдөр Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан, одоо УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа С.Ламбаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан, хариуцлага хүлээлгэх тухай албан бичиг илгээжээ.

 

Тэрээр тус бичигтээ “Өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд өнгөрсөн гурван жилд эрүүл мэндийн салбарт гарсан алдаа, завхралыг харж сэтгэл эмзэглэж байна. Ардчилсан нам энэ салбарыг хоёр удаа МАХН-ын мэдэлд өгсөн. Хэрхэн ажилласныг монголын ард түмэн мэдэж байгаа.  Өнөөдрийн хүртэл ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна. Тиймээс ураас АН эрх баригч намын хувьд бүсийн чуулганд оролцогчдын санал, салбарын хамт олны хүлээлтийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдыг АН-аас томилж, хариуцлагаа хүлээх цаг боллоо. Энэ салбарыг гурав дахь удаа МАХН-д хариуцуулах нь АН-ын хувьд дэндүү ёс зүйгүй, энэ салбарын хамт олныг үл хүндэтгэсэн хэрэг болно” гэсэн аж.

 

АН-ын зүгээс энэ саналыг дэмжсэн ч МАХН-ын удирдлага орон гарсан сайдын суудлаа өгөх үү, өгөхгүй юу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.