11.13

“Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн III дайн” зам дээр болж байна

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гаригт дэлхий даяар зохион байгуулан явуулдаг. 
Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна. 
Манай орны хувьд хоёр дахь жилдээ энэхүү өдрийг 11 сарын 15-ны өдөр 11.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулна. Энэхүү өдрөөр зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх бөгөөд зам тээврийн ослын хор уршгийг харуулсан үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, ослын ноцтой эвдрэлтэй таван автомашиныг олон нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг сонирхолтой, ухуулга сурталчилгаа арга хэмжээг зохион байгуулах юм. Түүнээс гадна “Гандантэгчинлэн” хийдийн лам нар ном хурна. 
Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70 722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс 6 155 хүн амь насаа алдаж, 17 882 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авч, хөдөлмөрийн чадвар алдаж, өөрийнхөө амьдралын сайхан цаг хугацааг харамсал дунд өнгөрөөж байгаа нь үнэхээр харамсалтай. 
Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жил бүр 1.2 сая хүн, 18-аас доош насны 186,300 хүүхэд нас барж, 50 сая гаруй хүн гэмтэж бэртдэг бөгөөд  энэ нь өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг байна. 
Энэхүү хэн ч зарлаагүй дэлхийн III дайныг гагцхүү хүмүүс бид л зогсоож чадна.