11.14

Автобусаа зөв хуваарилья

Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн шинэчлэл нэрийдлээр багагүй өөрчлөлт хийсэн. Тухайлбал, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулна хэмээн Беларусь улсаас 10 ширхэг угсраа автобусыг тус бүр нь 400 саяар авчран төв замаар зорчуулж буй. Үүний зэрэгцээ нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, богиносгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн билээ. Төв замаас өөр чиглэлд явах боломжгүй угсраа автобус үйлчилгээнд гарсан нь нүдээ олсонгүй. Мөн том оврын автобусыг чиглэл бүрт зохистой хуваарилж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Тухайлбал, “5 шар-Офицеруудун ордон” чиглэлд угсраа, энгийн гээд олон автобус ойр ойрхон зорчихдроо бараг хүнгүй явдаг гэхэд буруудахгүй. Багшийн дээдийн урд та лын автобусны буудлын орчимд хөл хөдөлгөөн ихтэй. Гэтэл “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суух гээгүй л бол тэнд автобус хүлээж 40 минут зогсох нь энүүхэнд. Ирдэг автобусны ихэнх нь өнөөх“5 шар-Офицеруудун ордон” гэсэн хаягтай, дотор нь цөөхөн хүн суусан харагдана. 3 минут тутамд ирдэг энэ чиглэл ийм сэлүүхэн хүнтэй байхад 40 минут хүлээлгээд ирдэг зарим чиглэлийн автобус чихэлдсэн хүнтэй байх жишээтэй. Би хэдхэн хоногийн өмнөXIX хороолол орох гэж Багшийн дээдийн буудлаас автобус хүлээж цөхрөнгөө барсан юм. Харах тоолонд “5 шар-Офицеруудын ордон” гэсэн хаягтай нь л ирнэ. Бүр хоёр ч угсраа автобус ирээд л хүн суухгүй явсан даа. Надтай ижилхэн чиглэлд явах гээд хүлээж буй хүмүүс мөн л бухимдсаар, 40 минут хүлээсний эцэст “БММЗ-Улаанхуаран” гэсэн хаягтай автобус пиг дүүрэн ирэв. Араас нь сэлүүхэн автобус ирэх нь худлаа хойно хүмүүс чихэлдсээр л орсон. Төв зам дагуу явдаг тэр олон автобусыг бусад чиглэлд явж буй цөөхөн хэд дээр нэмээд хуваарилж болдоггүй юм уу.

Э.Төвчимэг