11.16

Шилмэл олдворуудаас 284 ширхэг үзмэрийг дэлгэн үзүүлнэ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эгийн голын сав дагууУсан цахилгаан станц байгуулах ажлын хүрээнд 1991 оноос эхлэн археологийн авран хамгаалах судалгааг явуулах болсон байна. Уг судалгааг Монгол улсын үндэсний байгууллагууд, судлаачид бие даан явуулснаас гадна олон улсын хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь Эгийн голын археологийн судалгааны ажлын эхлэл болсон юм. 

Эгийн голын Усан цахилгаан станц байгуулах ажил 2013 оноос дахин эрчимтэй яригдаж, улмаар усан цахилгаан станцыг байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарснаар, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2014-2015 онуудад авран хамгаалах хайгуул, малтлага судалгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулжээ. 

2014 оны 3-р сарын 30-наас 4-р сарын 6-нд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн захиалгаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, Улаанбаатарын Их Сургууль, ШУТИС-ийн судалгааны багЭрдэнэт хотоос Эг, Сэлэнгэ голын бэлчир хүртэлх 70 км урт хатуу хучилттай авто зам, өндөр хүчдэлийн трассын дагуу явуулсан археологийн хайгуулын явцад нийт 185 тооны дурсгал, Эгийн голын УЦС-ын талбайд нийт 347 тооны дурсгал илрүүлэн бүртгэсэн байна. 

Эгийн голын УЦС-ын археологийн авран хамгаалах судалгааны ажлын хүрээнд Монгол улсад археологийн судалгаа явуулдаг бүхий л байгууллагууд нэгдэж оролцсон нь тус улсын археологийн судалгаанд урьд хожид байгаагүй түүхэн үйл явдал болсон байна. 2014-2015 оны хугацаанд 5 байгууллага нэгдэж, давхардсан тоогоор 400 орчим бие бүрэлдэхүүнтэй үндэсний баг ажилласан бөгөөд нийт 400 гаруй дурсгалыг малтан судалснаар олон шинэ олдвор хэрэглэгдэхүүнийг нээн илрүүлсэн төдийгүй Монголын түүх, археологийн судалгаанд урьд өмнө тодорхойгүй байсан олон асуудлыг тодруулахад ихээхэн ач холбогдолтой судалгаа болжээ. 

Эгийн голын сав нутаг нь чулуун зэвсгийн үеэс эхлэн, хүрэл зэвсгийн үе, хүннүгийн булш, хот суурин, түрэг, уйгурын үеийн дурсгалууд, дундад зууны монгол булшууд, хадны зургийн дурсгал, XIX-XX зууны эхэн үеийн бурханы шашны түүхэнд холбогдох дурсгалууд зэрэг түүхийн олон цаг үед холбогдох дурсгалууд байсан бөгөөд археологийн хувьд цогц байдлаар судлагдсан бүс нутаг болохыг харуулж байна. Археологийн хээрийн малтлага судалгааны ажлын үр дүнд илэрч олдсон хүн, малын ясанд палеоантропологи, палеозоологийн судалгааг явуулснаар нас, хүйсийг тогтоох, дурсгалын харьцангуй он цагийг тодотгох ажил үргэлжилж байна. 

Судалгааны ангийн зарим багууд нутгийн иргэдийн нүүдлийн  байршлыг тодруулах орон нутаг -угсаатны зүйн судалгаа, авто замын сүлжээний газрын зураг бүтээх зэрэг олон талт ажлыг гүйцэтгэжээ. 

Тус үзэсгэлэнд 2014-2015 онд явуулсан археологийн судалгааны ангиудын нээн илрүүлсэн шилмэл олдворуудаас 284 ширхэг үзмэрийг дэлгэн үзүүлж байна.