Манай улсад жилд 9000 гаруй залуу гэр бүл гэрлэлтээ батлуулдаг ч 3000 орчим нь салдаг байна. Үүнээс үүдэн Өргөдлийн байнгын хороонд Гэр бүлийн хуультай холбоотой, эцэг, эх нь хүүхдийн мөнгөө төлдөггүй гэх гомдол их ирдэг аж. Тиймээс тус хорооны дарга О.Баасанхүү ажлын хэсэгт санал хүргүүлсэн байна.
Тэрхүү саналд нэгдүгээрт, хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлж, мөнгийг нь хүүхдүүдэд нь гаргуулах, хоёрдугаарт “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёог шүүхээр гаргаж, торгууль тавих асуудлыг багтаажээ. “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүн хамаарагдах аж. Хэрэв шүүхээр тогтоогдох юм бол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг нь хориглох гэнэ.