Иргэн С.Эрдэнэ гэгч төрийн буруу шийдвэрийг эсэргүүцэж, өөрийгөө шатаасан нь олон нийтийн анхаарлын төвд яах аргагүй ороод байна. Энэ асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өчигдрийн хуралдаанаараа ярилцжээ. Тухайлбал, бие даагчдын зүгээс С.Эрдэнэ өөрийгөө шатаасан нь аргагүйдсэн хүний үйлдэл гэдгийг хэлсэн юм. Тус компанийн ажилчид ийм байдалд орсон нь гүйцэтгэх захирал Б.Батбилэгийн буруу биш, харин түүнийг ажилчдынхаа эсрэг шийдвэр гаргах хүртэл шахсан улс төрчдийн буруу гэлээ. Тиймээс Засгийн газрыг тэргүүлж байгаа Ч.Сайханбилэгт хариуцлага тооцох хэрэгтэйг тэд хэлэв.
Ц.Даваасүрэн гишүүн энэ талаар хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н нөхцөл байдалтай танилцсан. Өнөөдөр бидний 1072 ширхэг хувьцааг үнэгүйдүүлэх гэж байна. “Чалко”-гийн өрийг дарахын тулд ажиллаж байгаа компанийг сөхрүүлэх гэж байна. Ажилчдыг сөхрүүлж байгаа учраас ийм харамсалтай нөхцөл байдал үүссэн. Тэгээд ч Ерөнхий сайд агентлагийнх нь даргыг халаад л шийдэгдчихдэг асуудал биш юм. Үүний цаана ийм байдалд хүргэсэн улс төрчид бий. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэлээ. Г.Уянга гишүүн ч бие даагчидтай санал нэг байгаа бөгөөд “Энэ асуудалд Уул уурхайн сайд Р.Жигжид, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг огцруулах ч багадна. Энэ бол Засгийн газрын асуудал. С.Эрдэнэ өнөөдөр гэнэтхэн л өөрийгөө шатаая гэж бодоогүй. Тэр уйгагүй хичээсэн, ажилчдынхаа хамтаар олон үе шатыг давсан ч хэн ч тэдний энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Тиймээс ийм байдалд хүрсэн. Энэ бол Засгийн газар хариуцлага хүлээх хамгийн том хүндэтгэх шалтгаан” гэлээ.
Ийнхүү Засгийн газрын тэргүүнийг огцруулах ажиллагаа эрчимжиж магадгүй нөхцөл үүслээ. Учир нь, Г.Уянга гишүүн Оюутолгойн асуудлаар Ч.Сайханбилэг сайдыг огцруулах тогтоол үйлдсэн бөгөөд өдгөө 16-17 гишүүн гарын үсэг зураад буй. Үүнтэй зэрэгцэн бие даагч гишүүд ч хүн өөрийгөө шатаахад хүрсэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй шууд холбоотой гэж үзсэн учраас түүнийг огцруулах асуудлыг тууштай дэмжих бөгөөд гишүүдийг ч мөн гарын үсэг зурахыг уриалах бололтой шүү.