Дарьгангын сэтгүүлч, яруу найрагч И.Батсүх агсны “Өвгөдийн оршсон нутаг” баримтат кино, “Дарьганга аялгуу” дууны цомог, “Дарьганга ай” яруу найргийн хос цомог, “Хүн уул” дурсамж, сэтгүүл зүй, яруу найргийн номын нээлтийг өчигдөр Интерномд хийлээ. И.Батсүх нь манай сонинд олон жил ажиллаж байсан юм. Тэрбээр олон шилдэг нийтлэл бичиж, манай сонины “Улаан самбарт” гарч байжээ. Түүний охин Б.Төгсжаргал аавынхаа мэргэжлийг өвлөн яруу найрагч, сэтгүүлчээр ажилладаг бөгөөд Г.Сэр- Одын нэрэмжит шагналыг хүртэж байжээ.
Б.Төгсжаргал болон түүний гэр бүлийнхэн И.Батсүх агсны нэрэмжит “Номын ертөнц” санг ажиллуулж байгаа аж. Тус сангаас “Өвгөдийн оршсон нутаг” баримтат кино, “Дарьганга аялгуу” дууны цомог, “Дарьганга ай” яруу найргийн хос цомог, “Хүн уул” дурсамж, сэтгүүл зүй, яруу найргийн номыг танилцуулах арга хэмжээг Баруун-Урт, Дарьганга суманд өнгөрсөн сард зохион байгуулсан байна. “Номын ертөнц” сангийнхан И.Батсүх агсны уран бүтээлийг олонд түгээхээс гадна нэрт яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал”, Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Акимын “Тэнгэрийн урсгал”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Базаррагчаагийн “Нохойн дуун” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ.