Одоогоос хоёр сарын өмнө "Эксклюзив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Үнэгүй хувцас тараана” хэмээн нийгмийг бужигнуулаад авсан. Түүний хувьд татвараа төлөлгүй компанийнхаа дансыг хаалгасан гэх асуудал үүссэн юм. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварынхныг дуудаж үүрэг өгөөд амжсан.
Тэгвэл "Эксклюзив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж “Яг хоёр сарын өмнө манай компани татварын буруу бодлогыг эсэргүүцэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараах ажил зохион байгуулах гэж байсан ч тэр ажил маань бүтэлгүйтсэн. Тэр явдлаас хойш бүтэн 60 хоног өнгөрчхөөд байхад бүх зүйл бахь байдгаараа байж л байна. Манай компанийн дансыг нээгээгүй. Битүүмжлэгдсэн бараа бүтээгдэхүүн хөрөнгөө одоог хүртэл авч чадаагүй байна. Тухайн үед Ерөнхий сайдын татварын байгууллагынханд өгсөн үүрэг огт биелээгүй. Төрийн буруу бодлогыг шүүмжлэхгүй байхын арга үнэндээ алга. Энэ Шийдлийн Засгийн газар асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм чинь шийдэж чадах нэгэндээ зайгаа тавьж өгөөд огцор” хэмээн мэдэгдээд амжив. Ямартай ч түүний мэдэгдэл энэ удаа олон нийтээс багагүй шүүмжлэл сонсоод байна. Учир нь олон нийт түүнийг татвараа шударгаар төлөөд, ажлаа хийгээд яв гэх зөвлөгөөг ч өгөөд амжлаа.
Н.АНАР