БНХАУ-ын Төмөр замын корпораци, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, Цранцйн үндэсний төмөр замын корпораци хамтран Бээжин-Улаанбаатар-Франц чиглэлд анх удаа галт тэрэг явуулж эхэллээ.
Ази-Европыг холбосон энэхүү гарц нь монголчуудад боломж авч ирнэ гэж УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн үзэж байгаа гэнэ.
Хятадын гуравдугаар галт тэрэг уржигдар Бээжингээс хөдөлж, өчигдөр 15:15 цагт Улаанбаатар өртөөнд ирж, эндээс анхны хоёр Монгол зорчигчийг аван, маргааш Эрхүүгийн өртөөнд зогсолт хийх ажээ.
Ингээд цааш Москва орж, түүний дараа Франц орох юм байна. Парист энэ сарын 28-ны өдөр очих галт тэрэгний аялал үндсэндээ 10 хоног үргэлжлэх ажээ.
Талууд цаашид яриа хэлэлцээр хийж, энэхүү аяллыг байнгын болгох нөхцөлийг судална. Үүнээс өмнө олон улсад Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг үйлчилдэг байсан билээ.