11.20

Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдэд оноосон ялыг хүчингүй болгов

"Сод монгол" группийн Ерөнхий захирал Ц.Анандбазарын хүүгийн амь насыг хохироосон н.Батнямд холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Өмнө нь хэргийг үйлдсэн Д.Чулуунбаатар, Н.Батням нарын зургаан залуусд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Н.Батнямд цаазын ял оноогоод байсан юм. Тэднийг насанд хүрээгүй байхдаа бусдын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хөнөөсөн гэж ялласан байдаг.

Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир ийнхүү хэргийг дахин хэлэлцүүлсэн юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн н.Батнямд оноосон цаазын ялыг хүчингүй болгох шийдвэр гарчээ. Учир нь анхан шатны шүүхээс түүнд цаазын ял оноохдоо ямар зүйл ангийг баримтлан оноосон гэдгээ шийтгэл тогтоол дээрээ бичээгүй байна.

Уг үйлдлийг нь ноцтой алдаанд тооцон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ.

Хэргийг дахин сануулахад, "Сод монгол" группийн Ц.Анандбазарын том хүү 17 настай Ц нь 2013 оны наймдугаар сарын 7-ны лхагва гаригийн 23.00 цагийн үед бусдын гарт амиа алдсан. Тухайн үед Бага тэнгэрийн аманд тав, зургаан хүний хамт байсан бөгөөд хоорондоо наймаа хийн улмаар үнэ тохиролцоогүйгээс маргалдаж, хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь егүүтгэсэн гэдэг мэдээлэл байдаг.