11.24

”Үхсэн” охин 10 жил компьютер тогложээ

Хэд хоногийн өмнө Хятадад үхсэнд тооцогдоод 10 жил болсон нэгэн бүсгүйг илрүүлжээ. Ор сураггүй алга болсон гэх энэ бүсгүй уг хугацаанд компьютер тоглоомоор наадаж суусан гэнэ. Тэрбээр эцэг, эхтэйгээ маргалдаад гэрээсээ гарч явсан байдаг. Тэгвэл саяхан түүнийг нэгэн компьютер тоглоомын газраас олжээ. Сяо Юн алга болохдоо дөнгөж 14 настай байсан аж. Гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад тэрбээр гэнэтхэн алга болсон юм. 

Энэ сарын 20-ны өдөр хууль сахиулагчид уг компьютер тоглоомын газарт шалгалт явуулаад “алга болсон” бүсгүйг олжээ. Юн бүсгүй цагдаа нарт хуурамч бичиг баримт үзүүлснээр тэдний анхаарлыг илүүтэй татжээ. Түүнийг цагдаагийн хэсэг дээр аваачиж байцаатал бүсгүй энэ бүх хугацаанд компьютер тоглоомын газар амьдарч байсан гэдгээ хэлсэн байна. 

Энэ 10 жилийн хугацаанд тэрбээр үнэ төлбөргүй тоглох боломжтой Сrossfire тоглоомыг тоглож суусан гэнэ. Юн бүсгүй цайны газар болон уушийн газруудад хоноглож, хааяа энд тэндхийн дэлгүүрүүдэд кассчинаар ажиллаж халаасны мөнгөтэй болдог байсан аж. 

Бүсгүйг 156 доллартай тэнцэхүйц хэмжээний юаниар торгоод өөрөө хүсэхгүй байсан ч эцэг, эхтэй нь холбогджээ. Алга болоочийн ээж охиноо утасдаж магадгүй гээд энэ бүх хугацаанд утасныхаа дугаарыг солиогүй гэдгээ өгүүлэв.