Н.Золзаяа хэмээх Монгол Улсын иргэн Малайзад улсад хар тамхины хэрэгт холбогдон, тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байгаа. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ба уг шүүх хурал өнөөдөр болох юм байна. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд "Хар тамхины хэргээр Малайзад цаазын ял сонсоод буй Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурлын шийдвэрийн дараа хэвлэлийнхэнд шаардлагатай мэдээллийг өгнө" гэсэн.
Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлж байв. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.