11.26

Т.Дэлгэрмөрөн: 38-тай аав би цааш урслаа

“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гэргийгээ хорт хавдраар алдаад удаагүй байна. Өнөөдөр түүний эхнэрийн нас барсны 49 хоног. Дуучин бүсгүй эдгээр өдрүүдэд гэргийгээ дурсаж, түүнийхээ бичсэн захидлыг дэлгээд байгаа билээ. Энэ удаа тэрбээр “Зовлон жаргалын дундаас бие сэтгэл хоёрыг хайраараа өлгийдсөн амь минь, бидэн хоёрыгоо хүний орчлонд үлдээгээд 49 хонолоо өнөөдөр. Тэр аймшигт мөчөөс хойш гэгээрч амирласан эхнэр минь, гэргий минь, амраг минь, хайр минь, амь минь, бурхан минь хүмүүн бидний ертөнцөд нэгэн гайхамшгийг харуулсан юм. Тэр бол бие,сэтгэл хоёр нэг биш гэдгийг нотолсон ухаан байлаа. Атгасан элс цацсан юм шиг тархсан хорт хавдрын эс бидний нүдэн дээр түүнийг минь дөрөвхөн сарын дотор идэхэд, хариуд нь тэр хатан зоригтон өвдөлтийн дээдийг өөрийн бие оюун ухаанаас ангижруулж, сэтгэл гэгч хүнээс ялгардаг агуу эрч хүчээрээ бусдад инээд бэлэглэсээр, энгэр цээжинд минь эрхэлж наалдсан сүүлчийн өдөр юу ч болоогүй юм шиг, бурхаан!  Охиноо аваад ир гэж намайгаа өөрөөсөө холдуулж уйлж гаслахвий хэмээн биднийг хайрласандаа, өр зүрхний хайртай эмээгээрээ толгойгоо түшүүлсэн байлаа. 
Бурхаан би чамайгаа маш их санаж байна, би чамаараа маш их бахархаж байна, чамайгаа дэндүү л үгүйлж байна даа. Ахан дүүс минь ээ энэ бүхэн түүний минь сүүлчийн хүсэл байсан юм. Тэрээр хүн гэгч ямар агуу хүчтэй болохыг, үнэнч хайр үүрд мөнх оршсоор байдгийг, тэнгэрийн ертөнц бурхны оронд морилохдоо, үлдээж орхисон нандин бүхнээрээ баталгаа болгосныг, энэ өдрийг хүртэл сонсож нэгэнтээ өнгөрж байгаа биз ээ та нар минь. Миний бичиж үлдээсэн, түүний минь та бүхэнд захиж хэлүүлсэн бүхнээс авахыг нь олзолж, хаяхыг нь гээх ухамсарт чинь итгэж 38-тай аав би цааш урслаа. Бид бүхнийг бурхан ивээж байгаасай” хэмээн бичжээ. 


Н.АНАР