Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өөрийг нь сонгох тойргийнхоо хөгшчүүлд илүү ээлтэй байгаа гэж хэлж болно. Тэрбээр дүүргийн хороо болгоноор явж настай хүмүүст сүү, өвлийн өмд тараасан бол түүнийхээ дараа айл болгонд хоёр шуудай нүүрс тараасан юм. Үнэгүй хоёр уут нүүрс авахын тулд иргэд алалцаж зодолдохоос наагуур юм болж байгаа бичлэг олон нийтийн дунд тархаж, О.Магнайг ядарсан ард иргэдээ хооронд нь алалцуулж, худлаа шоу хийлээ гэж үзэх хүмүүс олон байсан бөгөөд эл байдалд тэрбээр өөрөө тайлбар хийж, хорооны цагдаа нар албаар өөрсдөө тэр байдлыг турхирч, эцэст нь бичлэг хийж тараасан гэх тайлбарыг өгч байсан. Харин Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод О.Магнайн тараасан нүүрс хүрч амжилгүй асуудал намжив. Тухайлбал, 32 дугаар хорооны айлууд түүний нүүрсийг хүлээж, нүдээ чилтэл харуулдаж сууна. Хүйтэнд гал алдахаас наагуур юм болж байгаа айлууд “Нөгөө О.Магнай гэгч хүн нүүрс өгнө гээд байсан яасан юм бол” гэж бие биенээсээ сураглаж сууна. Гэтэл энэ талаар нүүрсний эзэн тайлбарлахдаа “ Дүүргийн ардын намын нөхдүүд тараалгахгүй байна аа. Боломж олдвол өгнө. Заавал боломж гаргаад тарааж эхэлнэ ээ” гэсэн мэдээлэл өгчээ.
О.Сайхан