Долоо хоног бүр онцлох үйл явдлаар дүүрэн өнгөрдөг. Тиймээс энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг нэрлэж байна.
Аймаг, дүүрэг бүрт шүүх байгуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг тогтоолд хориг тавьсан талаар УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ.
Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна.
Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавьж байна” гэсэн юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэлэв
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн пүрэв гарагийн орой телевизүүдээр олон нийтэд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр эдийн засаг ямар байв, гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн тартагтаа тулсан нэг жилийн өмнөх нөхцөл байдал зэрэг олон асуудлын талаар ярив.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн эхний онцлох мэдэгдэл нь “Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн” гэх мэдээ байлаа. Мөн гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд шилжин орохоор болсон гэнэ. Мөн татварын хөнгөлөлт, асрамжийн тэтгэмжийн нэмэгдэл, НӨАТ-ын 20 хувиа буцааж авах болсон, цаашилбал Японтой худалдааны гэрээ хийх болсон, ирэх сарын эхээр шатахууны үнэ баруун 3 аймагт литр тутамд 230-260 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-150 төгрөгөөр буурна гэхчлэн чимэгтэй бүхнээ сонсгож тайлагнасан юм.
Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд “Бид төгс төгөлдрийн туйлыг хайсаар, түүндээ төөрч хий эргэсээр, 100 хувийн сэтгэл ханамж эрсээр, эргэж ирэхгүй алтан цаг, эгнэгт алдагдсан боломж, огт олж аваагүй ашиг, орлого, цалин болгон үрэгдүүлж асгасаар байна. Энэ дэлхийд төгс төгөлдөр зүйл байхгүй. Тэр тусмаа хөрөнгө оруулалт, хоёр талын ашиг сонирхол тулдаг бизнесийн төсөл, гэрээ хэлцэлд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, бүтэн төгс төгөлдрийн тухай ойлголт бүр ч байхгүй. Харин сайн гэрээ хамгийн сайндаа харилцан ашигтай л болж байж үр дүнд хүрдэг. Ийм болохоор утга учиргүй улстөржилт, эцэс төгсгөлгүй маргаан хийх орон зай, өө сэв үргэлж олдоно. Бид энэ орон зайдаа маргасаар, өөрсдийнхөө ирээдүйг өдөр өдрөөр гацаасаар сууна” хэмээн онцолсон юм.
Хөгжлийн банкинд илэрсэн зөрчлүүдийг ил болгов
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар олон нийтэд мэдээлсэн. Тэд шалгалтын дүнд илэрсэн ноцтой зөрчлүүдийг ил болгосон юм. Тухайлбал,
-Чингис бондоос 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг анх босгосон. Гэтэл Төрийн сангийн дансанд дээрх мөнгө бүтнээрээ биш 1.494 тэрбум ам.доллар орж ирсэн. Үлдсэн 5.4 сая доллар хаашаа алга болсон, ямар зүйлд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Үүнийг Үндэсний Аудитын газраас шалгалт хийж 5.4 сая ам.долларт акт тогтоосон. Нөгөө дансанд орж ирэх ёстой мөнгөнөөс нь сох дутсан гэсэн үг. Гэтэл дансанд 1.5 тэрбум ам.доллар орж ирээгүй байтал төсвийн хөрөнгөөр энэ 5.4 сая ам.долларыг шилжүүлсэн зөрчил илэрсэн.
-Самурай бондын гэрээ байгуулах баталгаа гаргах төлбөрт авсан зээлийнхээ 19.2 хувьтай тэнцэх 55.7 сая ам.долларыг суутгуулсан байдаг. Үндсэндээ 290 сая ам.долларын зээл авсан хирнээ 55.7 сая ам.долларыг зүгээр суутгуулчихсан байна лээ. Үүнийг мөн тусгайлан аудит гаргаж шалгуулах болно гэхчлэн ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн юм.
Ли Жон Гёлыг Солонгосын ЭСЯ батлан даах хүсэлт гаргажээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг Ли Жон Гёлыг ч мөн саатуулсан.
Тэднийг энэ сарын 18-ны өдөр яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгасан юм. Тэгвэл Ли Жон Гёлын биеийн байдал сайнгүй байгаа учир Солонгосын Элчин сайдын яамнаас Ли Жон Гёлыг батлан даах хүсэлтийг гаргаж байжээ. Гэвч тэднийг цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн прокурор эсэргүүцэл бичсэнээр хүсэлтийг хүлээн авалгүй ийнхүү үргэлжлүүлэн хорьж байгаа юм.
Цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хамт гэрт нь хөнөөжээ
Энэ долоо хоногийн хамгийн ноцтой, аймшигт хэрэг бол цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хамт хөнөөсөн хэрэг байв. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавтай нь хамт гэрт нь хутгалж амь насыг нь хөнөөжээ. Гэмт этгээд хохирогчийн ээж, ахыг нь бас хутгалсан бөгөөд одоо биеийн байдал нь хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийнх нь найз залуу Б-г сэжиглэж байгаа юм байна. Учир нь, Хохирогч түүнийг дүүтэйгээ суулгахгүй гэсэн тул ийнхүү харгис гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-аас "Ийм хэрэг гарсан нь үнэн. Одоогоор сэжигтнийг бариагүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэж мэдээлээд байгаа юм.
Г.Лхагваа