11.28

Кондукторууд ажилдаа оржээ

Нийтийн тээврийнхэн эрс шинэчлэлт хийж, 70, 80 жил ашиглаж ирсэн кондукторын системийг халж, угсраа автобус, эко автобус, ухаалаг цахим картны системд шилжүүлсэн шинэчлэл өөрчлөлтөд ахиц гарсангүй. Харин ч ухаалаг картыг нэвтрүүлсэн компани нь санхүүгийн алдагдалд орж хэцүүдсэн тул картаа худалдаж аваагүй иргэдийг 700, 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэрийг гаргасан ч хэрэгжүүлээгүй байгаа юм. Түүнээс гадна хэдэн сар ажилгүй байсан 800 кондуктар ажилдаа эргэн орж байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдэгдэж байна.

Тус газрын дарга Ч.Энхбат “Тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 29-нөөс яг өнөөдрийг хүртэл ажилгүй байсан 800 орчим кондуктор ажилдаа гарч эхэлсэн. Манай байгууллагаас журмыг нь баталж өгсөн. Иргэдийн хурлаас энэ хүмүүсийн ажиллах цаг, цалингийн хэмжээг нь тогтоосон. Журмаа батлаад аж ахуй нэгжүүдтэйгээ өнгөрсөн долоо хоногт уулзаж хэрхэн яаж ажиллах талаар ярилцаж тохиролцсон. Дашрамд дуулгахад, долдугаар сарын 29-нөөс хойш нийт 500 гаруй мянган хүн картаа авсан. Үүнийг 200 орчим мянга нь хөнгөлөлттэй буюу үнэгүй зорчдог иргэд. Оюутан, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Цагдаагийнхны хувьд одоогоор аваагүй. Гэхдээ үнэгүй зорчиж байгаа. Үүнээс хойш аравдугаар сарын 22-ноос 30 минут доторх сэлгэн суултыг үнэгүй болгож өгсөн. Иргэд рүүгээ хандсан энэ ажил зорчигчдод их хүрч байгаа байх гэж бодож байгаа” гэв.

 

О.Сайхан