11.30

Э.Бат-Үүл өөрийн төрсөн хүү Б.Чулуудайд тендер авч өгснийг илчиллээ

Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, н.Жаргалсайхан тэргүүтэй иргэд Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлтэй холбоотой хэд, хэдэн баримтыг хавсарган АТГ-т хүргүүллээ. Иргэдийн дунд ам дамжсан яриа болон хөвөрдөг Э.Бат-Үүл дахин төлөвлөлт нэрээр өөрийн төрсөн хүүдээ тендер авч өгдөг, нөгөөх нь барилгын салбарт ямар ч туршлагагүйгээс самарч байна” гэх цууг тэд өчигдөр баталлаа.

Тодруулбал, Бат-Үүлийн Чулуудайн нэр дээрх “Гранд Лайн” компаний гэрчилгээг өнгөрсөн оны 2 дугаар сард Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл өөрөө олгосон хэрнээ, мөн ондоо ямар ч туршлагагүй уг компанид дахин төлөвлөлтийн тендерийг авч өгсөн зэрэг баримтыг хавсарган иргэн Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, н.Жаргалсайхан нар АТГ-т хүргүүлж, нийтэд илчиллээ.

Энэ талаар СБД-ийн иргэн Н.Батсүмбэрэл “ Энэ “Гранд Лайн” гэдэг компани өнгөрсөн оны 2 дугаар сард дахин гэрчилгээ авсан. Дахин гэрчилгээ аваад яг гуравхан сарын дараа буюу мөн оны 5 сарын 29-ний өдөр дахин төлөвлөлтийн тендерт ялж баталгаажуулсан байгаа. Тиймээс энэ тендерт оролцсон гадаадын компаниуд Гранд Лайн компанитай хариуцлага тооцуулахаар Арбитерийн шүүхээр явж байна” гэв.

Түүнчлэн энэ үеэр дээрх баримтыг давхар НИТХ-д өргөн барихаар шийдсэн гэдгээ дуулгав. Тэгэхээр хэрэв энэ асуудлыг хууль хүчнийхэн баталбал Э.Бат-Үүл ажилгүй болж ч мэдэх юм.

Харин Нийслэлийн захирагчийн хүүдээ авч өгсөн гэх дээрх тендер нь БЗД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөгдсөн өндөр орон сууцны хороолол юм. Уг тендер нь 5.1 тэрбумаар яригдах төсөл билээ.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn