Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдож, өдгөө цагдан хорих төвд саатуулагдаж байна. Түүнтэй хамт нэр бүхий хүмүүс байцаагдсан. Харин үүний дараа хэсэг хугацаанд тус салбар сайдгүй байв. Мөн МАХН-ын хүн очих ёстой энэхүү сайдын суудлыг Ардчилсан нам авч магадгүй гэсэн яриа гараад байлаа.
МАХН-ын хувьд Н.Удвал, Г.Шийлэгдамба нарыг Эрүүл мэндийн сайдаар ажиллалуулсан учир дараа нь хэнийг томилох вэ гэдэг дээр нэлээд хугацаа алдсан. Нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг тавьж магадгүй гэсэн ч хуульч хүн яаж ч бодсон эрүүл мэндийн салбарыг ахалж чадахгүй.
Харин МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдлаа. Дээрх хуралдаанаас Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг хэнд өгөх вэ гэдгийг хэлэлцсэн аж. Тэд Улсын төв эмнэлгийн дарга асан, гавьяат эмч Л.Жамбалжавыг сонгож авсан тухай эх сурвалж хэлж байна.
Л.Жамбалжав нь эрүүл мэндийн салбарыг маш сайн мэддэг, насаараа эмчийн ажил хийсэн учир сайдын суудалд яг тохирно гэж үзсэн бололтой.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар эзгүй байгаа ЭМС-ын сайдын суудлыг хэнд өгөх асуудлыг хэлэлцэж буй аж. Мөн Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан юм. Харин түүнийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Энд нэг зүйлийг хэлэхэд АН-ын зарим гишүүд өнгөрсөн гурван жилийн турш энэ салбарыг МАХН-ын төлөөлөл удирдаж ажлыг нь унагасан гэж үзэж байгаа. Тиймээс С.Ламбаа тэргүүтэй зарим гишүүд нь шинээр томилогдох сайдыг АН-аас тавих хэрэгтэй гэсэн мэдэгдлийг Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлээд байгаа. Мөн уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй юм.
Л.Жамбалжав нь өмнө нь Эрүүл мэндийн сайдад намаасаа нэр дэвшиж байсан ч Г.Шийлэгдамбыг сонгож байсан. Харин энэ удаа намын боловсон хүчин дундаас Эрүүл мэнд, спортын сайдын албыг нэр төртэй хаших хүн нь Л.Жамбалжаваас өөр байхгүй гэж шийджээ.
Г.Төмөр
www.unen.mn