Гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар эрчим хүчний салбарын алдагдал буурч байгаа аж. Тиймээс гэр хорооллын айлуудын шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх боломжийг урьдчилсан байдлаар тооцоолжээ. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулахаас гадна шөнийн бага ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж, эрчим хүчний систем технологи ажиллагааны хувьд үр ашигтай ажиллахад эерэг нөлөөлөл үзүүлэх үр дүнг харгалзан үзэж байгаа юм байна. Урьдчилсан тооцоогоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын 280 гаруй мянган айл, өрх хамрагдах бөгөөд хүйтний улиралд буюу өнөөдрөөс ирэх оны гуравдугаар сар хүртэл шөнийн цахилгааны төлбөрөө50 хувиар хөнгөлүүлэх боломжтой. Тодруулбал, гэр хорооллын иргэд шөнийн цагаар ашигласан нэг кВт цагийн цахилгааныхаа төлбөрт 77.10 төгрөг төлдөг байсан бол энэхүү шийдвэр гарснаар38.55 төгрөгөөр эрчим хүч хэрэглэх боломжтой болох юм.
М.Энх
www.unen.mn