“Couture” загварын салоныг үүсгэн байгуулагч, дизайнер Д.Отгонжаргал уран бүтээлийн шоугаа энэ сарын 3-нд толилуулахад бэлэн болжээ. Загварын ертөнцөд өөрийн хээнцэр, дэгжин бүтээлээрээ аль хэдийнэ танил болсон тэрбээр “Урлах эрдэм” дээд сургуульд багшилж байсан юм. Монголдоо от кутюр чиглэлээр уран бүтээл туурвидаг Д.ОТГОНЖАРГАЛЫН хувьд энэ удаагийн шоу хоёр дахь цуглуулга нь ажээ.
-Удахгүй болох таны загварын шоуны онцлог юу вэ?
-Хүмүүсийн нүд сэтгэлийг баясгасан, гар ажиллагаа ихтэй, үзүүштэй бүтээлүүдийг толилуулахаар ажиллаж байна. Загварын шоуны стандарт гэж бий. Энэ утгаараа мэргэжлийн, стандартад нийцсэн загварын шоуг үзэгчдэд үзүүлэх тал дээр түлхүү анхаарч байгаа.
-Шоуны сурталчилгаанд танилцуулсан бүтээлүүдэд цагаан өнгө давамгайлсан байсан. Энэ нь таны бүтээлийн ерөнхий өнгө үү?
-Шоуны сурталчилгаанд гаргасан загварууд миний онцлох загварууд. Загварын цуглуулгын ерөнхий өнгө нь цагаан шаргал. Ерөнхийдөө бүтээлдээ гэгээлэг өнгөнүүдийг ашигласан. Мөн улаан, хар, цагаан гэсэн сонгодог өнгийг ч бүтээлдээ тусгасан.
-Дизайнерууд үндэсний хээнээс сэдэвлэн бүтээлээ баяжуулдаг болжээ. Та цуглуулгадаа шинэлэг зүйл хэр их ашигласан бэ?
-Энэ удаагийн шоунд гар ажиллагаа шаардсан бүтээлүүдийг түлхүү урласан. Миний бүтээл гоёлын, сонгодог хэв загвартай. Тиймээс үндэснийхээ оруулаагүй. Харин цэцэг навчнаас санаа авсан бүтээл олон бий. Сонгодог харагдахуйц цэцгэн хатгамал оруулснаараа зарим бүтээл маань чамин болсон. Би загварынхаа хэлбэрт их анхаардаг. Дээрээс нь энэ удаад материалын шинж чанарт анхаарал хандууллаа.
-Загвар зохион бүтээгчид хувцас загварын зөнчид байдаг. Энэ утгаараа таны бүтээлүүдэд ирэх оны дэлхийн загварын онцлогоос тусгасан байх?
-2016 оны загварын өнгө төрхийг харахад гоёлын хувцас маш гэгээлэг, өнгөлөг болсон байна. Ерөнхий стиль маш чухал. Үүнийг энэ онд давамгайлах стиль гэж яривал оновчтой байх болов уу. Сонгодог загварын хувьд илүү хэлбэр тал руугаа давамгайлсан байна. Мөн ирэх онд романтик стиль загварын өнгө төрхийг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, сонгодог дүр төрх, романтик стильтэй нийлж бүсгүйчүүдийг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг. Ин-гэх дээ зөөлөн гэгээлэг өнгийг ашиглахаас гадна гэрэлтдэг унасан материал илүү зонхилж байна. Үүнд мөн үндсэн хэлбэр чухал үүрэгтэй. 2016 онд икс болон шулуун хэлбэр эргээд моодонд орж байгаа. Би загвартаа эдгээрийг оруулсан.
-Шоуныхаа нүүр царай болох моделио олсон уу?
-Загвар зохион бүтээгч нэг бүтээл урлахын тулд нэлээд хугацаа зарцуулдаг. Ингэж ур, ухаанаа шингээсэн бүтээлээ үзэгчдэд хүргэхэд модель маш чухал үүрэгтэй. Миний бүтээлийг хүмүүст хүргэх моделиуд туршлагатай байх ёстой гэж боддог. Энэ нь намайг тайзны ард ажиллахад илүү хялбар, санаа зовоох зүйл бага болгодог. Энэ утгаараа би олны танил моделиудыг сонгосон.

-Барууны орнуудын загварыг ажиглахад эмэгтэй хүний биеийн галбирыг гаргасан, гэрэлтдэг материалаар урласан даашинз түлхүү харагдах болжээ. Таны энэ удаагийн цуглуулгад ийм загвартай бүтээл бий юү?
-Загвар зохион бүтээгчид гэрэлтдэг, торон материалыг өнгөрсөн жил түлхүү ашиглаж байсан. Тэдний ийм загвартай бүтээл энэ жил ч зайгаа тавьж өгөөгүй хэвээр байгаа хэдий ч энэ нь 2016 оны загварын өнгө төрх биш юм. Энэ жилийн загварууд ерөнхийдөө битүү тал руугаа байна. Энгийн, сонгодог, битүү мөртлөө гар ажиллагаа түлхүү оруулжээ. Ерөнхийдөө нимгэн, гэрэлтдэг загварыг романтик стиль гэж нэрлэдэг. Романтик загвартай даашинз эмэгтэй хүнийг илүү сайхан харагдуулдаг. Өнгө, материал шинж чанараар тоглолт хийдгээрээ онцлогтой.
-Загвар зохион бүтээгчдийн бүтээлээс тэр хүний зан чанар харагддаг гэдэг. Хэрвээ таныг бүтээлээрээ өөрийгөө илэрхийл гэвэл хэрхэн тодорхойлох вэ?
-Уран бүтээлч бүр өөрийн гэсэн стильтэй. Дээрээс нь хувь хүний стиль гэж бий. Энэ хоёр стиль зөрчилддөг тал байдаг. Тэгэхээр тухайн загвар зохион бүтээгчийн загвараас тэр хүнийг тодорхойлох боломжгүй гэж би боддог. Жишээлбэл, рок хөгжим сонсдог, хөгжилтэй хүний бүтээл шал өөр дүр төрхийг илэрхийлэх тохиолдол байдаг. Миний хувьд ч гэсэн бүтээлийг маань хараад намайг тодорхойлох боломжгүй болов уу. Хэрвээ хэн нэгэн хүн өөрийгөө тодорхойл гэвэл би өөрийгөө даруухан гэж хэлнэ. Тийм болоод ч тэр үү бүтээлээ урлахдаа чимээгүй орчинд хийх дуртай.
-Та гадаадын байгууллагатай хамтран ажилладаг уу. Гадаад зах зээлийг хэр их сонирхдог вэ?
-Гадаадын зах зээлд гарах нь миний зорилгын нэг. Надад сурах зүйл маш их байна. Бүтээлүүдээ гадаадад сурталчилмаар байна. Эхний ээлжид Европт бүтээлээ таниулна гэж хэлж чадахгүй ч эхний алхмуудаа хийхээр төлөвлөж байгаа. Хамгийн эхэнд Хөх хот, Бээжин гээд ойроос эхэлж өөрийнхөө бүтээлийг сурталчилж, таниулмаар байна.
-Та 2014 онд Азийн шилдэг дизайнер болсон. Тийм болохоор таныг гадаадын аль нэг байгууллагатай хамтран ажилладаг байж магадгүй гэж бодсон юм?
-Би Азийн шилдэг дизайнер болсон нь үнэн. Гэхдээ би өөрийгөө Азийн шилдэг дизайнер болчихлоо гэж тодорхойлж чадахгүй.
-Монголын дизайнеруудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадам боллоо. Энэхүү наадамд та олон жил оролцсон ч энэ удаад өнжлөө. Магадгүй өөрийн цуглуулгадаа анхаараад энэ удаагийн “Гоёл”-ыг өнжив үү?
-Загварын шоундаа бэлтгээд “Гоёл” наадамд оролцож чадсангүй.
-“Эх дэлхийн мисс-2015” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа мисс А.Баярцэцэгийн даашинзуудыг та урласан гэсэн. Мисс бүсгүй таны урласан хоёр ч бүтээлээр шагнал хүртлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-А.Баярцэцэгтээ маш их баярласан. Үүнээс өмнө надтай хамтарч ажиллая гээд утасдаж байсан ч ажлын нөхцөл, цаг хугацаанаас шалтгаалаад хамтарч байсангүй. Энэ жил А.Баярцэцэгтэй хамтарч ажиллах болсон шалтгаан нь түүний эко бичлэг. Түүний бэлтгэсэн эко бичлэгийг үзээд надад омогших сэтгэл төрсөн. Тиймээс А.Баярцэцэгтэй хамтарч ажиллах шийдвэрээ шууд гаргасан. “Эх дэлхийн мисс”-ийн шалгаруулалтын үеэр өмссөн даашинз манай салоны хуучин загваруудын нэг. Түүн дээр чимэглэл нэмж, А.Баярцэцэг өмссөн. Тэр ерөнхийдөө манай салоноос дөрвөн даашинз сонгож авсан. А.Баярцэцэг шагнал авсныхаа дараа фэйсбүүкээр “Д.Отгонжаргал эгчдээ баярлалаа” гэсэн нь надад сайхан санагдаж байлаа.
-Таны шоунд амжилт хүсье.
-Баярлалаа
Б.Сэлэнгэ
www.unen.mn