Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар цогцолбор сургууль болон ойролцоох цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо. Учир нь дээрх сургуулийн дотуур байрны хүүхдүүд гэдэсний халдварт нян өвчнөөр өвчилсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 хүүхэд аймгийн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өдгөө хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж байгаа бөгөөд тэдэнд хэрэгтэй шаардлагатай гэсэн эм тариаг Улсын комиссоос гаргаж байгаа ажээ. Увс аймгийн онцгой байдлын комисс хуралдаж, халдварт өвчний газар авахуулахгүй байхын үүднээс өчигдрөөс эхлэн 2-р цогцолбор сургууль, ойролцоох цэцэрлэгийг нь түр хугацаагаар хаасан байгаа ажээ. Түүнээс гадна энэ сарын 20-н хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад даалгажээ. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас дотуур байрны гал тогоо болон хордсон байж болзошгүй махнаас авсан шинжилгээний дээжийг төв лобартори руу явуулсан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр гарах ажээ.
Увс аймгийн Мэргэжлийн хяналтын эхний шалгалтаар тус сургуульд мах нийлүүлж байсан "Бум номин" ХХК-ныг муудсан мах нийлүүлсэн байж болзошгүй хэмээн үзжээ.
Энэхүү "Бум номин" ХХК нь Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Улаангом сумын АН-ын дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ны борлуулалтын албаны дарга М.Батцэндийн эзэмшлийнх юм байна.

Тэрбээр 2013 онд Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан "Сургууль цэцэрлэгт хоол, хүнсний бараа бүтээгдэхүү нийлүүлэх" тендэрт ялалт байгуулж, нийт долоон цэцэрлэг, дотуур байртай гурван сургуульд мах нийлүүлэх болжээ.
"Гэхдээ өмнө нь ийм зөрчил гаргаж байгаагүй гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас хамгаалж байгаа ч 2012 онд тус компани Оросын Тува руу 36 тонн мах экспортолсон боловч, тус улсын Мэргэжлийн хяналтын газраас чанарын шаардлага хангаагүй, мөн бичиг баримтыг бүрэн бүрдүүлээгүй, гарал үүслийн бичиггүй гэсэн дүгнэлтийг гаргаж, махыг нь хил нэвтрүүлэлгүй буцааж байжээ.
Танил тал, найз нөхөд албан тушаалаараа сүлбэлдсэн нөхдүүд тендэр шалгаруулсан нэрээр бие биенийхээ бизнесийг дэмжсэний хохирогчид хүүхдүүд болж байгаа нь даанч харамсалтай.

Харваас хэт туранхай, бараг л үхсэн малын мах шиг ийм мах идсэн хүүхдүүдийн гэдэс өвдөхгүй яахав дээ. Цаашлаад амь насанд нь ч аюул учрахыг үгүйсгэх газаргүй юм.
www.top.mn