УИХ-ын чуулганы хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж иргэдэд үүсээд байсан хүлээлтийг эцэслэлээ. Учир нь гэр бүлийн гишүүнд хамтын тэтгэвэр олгох тухай асуудал яригдаад даруй дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ.Тус хууль батлагдсанаар тэтгэврээрээ амьдарч буй олон мянган гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа эхнэр, нөхөр санхүүгийн хувьд хүндрэлд орж буй асуудлыг бага ч болов шийдвэрлэнэ гэж хууль санаачлагчид үзэж буй юм.
Ингээд тус хууль хэзээ, хэрхэн хэрэгжиж эхлэх талаарх цогц мэдээллийг хүргэе.
Хууль хэзээ хэрэгжиж эхлэх вэ?
Тус хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Учир нь ирэх оны төсөв нэгэнт батлагдчихсан, мөн эдийн засгийн байдал хүндхэн байгаа учраас хууль батлагдсан даруйд хэрэгжүүлж эхлэх боломжгүй гэнэ. Мөн нөхөр эсвэл эхнэрийн тэтгэврийн хэдэн хувийг, хэдэн оноос хойшхи тэтгэврийг олгох талаарх асуудлыг Засгийн газраас бүрэн эрхийн дагуу шийдвэрлэх юм. Хууль санаачлагчид тэтгэвэр нөхөн олгох хугацааг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш мөнх бусыг үзүүлсэн гэр бүлийн хүнийнх нь тэтгэврийг нөхөн олгохоор хуулинд заасан ч хуулийг буцаан хэрэгжлэх хугацааг Засгийн газраас шийдвэрлэхээр эцэслэн шийдсэн байна. Өөрөөр хэлбэл талийгаачийн тэтгэврийн хэвэн хувийг олгож байхыг тухайн жилийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэж байхаар гишүүд санал нэгдсэн юм. Гэвч хууль санаачлагчдын тухайд тэтгэврийн 20-иос доошгүй хувийг олгохоор хуулинд тусгасан байна. Мөн мөнх бусыг үзүүлсэн гэр бүлийн хүнийхээ тэтгэврийг насан туршдаа авна
Тавигдах шаардлагын тухайд?
Албан ёсоор гэр бүлээ батлуулаад 15-аас багагүй жил болж байгаа, 20-иос доошгүй жил нийгмийн даатгал төлсөн буюу бүрэн тэтгэвэр авдаг иргэд хамтын тэтгэвэр авах боломжтой болж буй юм. Хэдийгээр хуулийн хэлэлцүүлгийн явцад эхнэр, нөхрийн насны зөрүү 15-аас ихгүй, гэр бүлийн гишүүд заавал хамт амьдардаг байх шаардлагыг УИХ-ын гишүүд санал болгож байсан ч энэхүү санал дэмжлэг аваагүй юм.
Хамтын тэтгэврийн хуулинд зааснаар 1995 оноос өмнө болон тусгай алба, цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн буцаан олголтыг улсын төсвөөс шийдвэрлэх юм. Харин 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан иргэдийн буцаан олголтыг тэтгэврийн сангаас олгоно гэдгийг салбарын сайд онцолж байна.