12.08

Абдул Карим 710 сая төгрөгөөр шатлаа

Төрийн ордны хажуудах хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим олон нийтийн зүгээс өөрийнх нь болон гэр бүлийнх нь талаар сөрөг мэдээлэл их явж байгаагаас үүдэн худалдан авсан газраа буцаахаар болж өргөдлөө өгсөн билээ.

Тэгвэл тэрбээр дуудлага худалдаанд оролцохоор дуудлага худалдааны журмын дагуу 710 сая төгрөгийг Нийслэлийн дансанд дэнчин хэлбэрээр байршуулжээ. Түүнчлэн худалдан авсан газраа буцаасантай холбогдуулан дуудлага худалдааны журмын дагуу түүний дэнчин болгож тавьсан 710 сая төгрөгийг буцаан олгохгүй улсын орлого болгожээ.

Тэгэхээр тэрбээр 710 сая төгрөгнөөс илүүтэй дарамтад орсон бололтой. Эсвэл олны ярьж буйгаар цаад санхүүжүүлэгч эзэд нь гэнэт шийдвэрээ өөрчилсөн бололтой.

Ямартай ч, Төрийн ордны хажуудах газрыг үнэ цохин авч, тэнгэрт баганадсан өндөр барилга барина хэмээж байсан Абдула Карим 710 сая төгрөгөөр шатлаа. Түүнчлэн түүнийг гэрээ цуцалсантай холбогдуулан хэвлэх үйлдвэрийн газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авах санал тавьсан "Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханд газрыг авах эсэх санал тавих аж.

Хэрвээ Ц.Баатарсайхан энэхүү саналаас татгалзвал дуудлага худалдааг дахин явуулна гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдэгдсэн юм.

Э.Төгс