12.08

Улаан-Үдийн консулын зөвлөх Х.Лүндэнбазар гаалийн байцаагчийг дарамталжээ

Гаалийн ажилчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Саяхан Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан Замын-Үүдээс Эрээн хот руу нэвтрэх үедээ өөрийн албаны автомашиндаа гар буу, 200 ширхэг сумны хамт тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг гарсан.  Гадаад хэргийн яамнаас А. Баярсайханыг албаны автомашинаар буу сум тээвэрлэж, дипломат ёс зүй зөрчсөн хэмээн эргүүлэн татаж, ажлаас нь чөлөөлсөн болоод л Монголын  дипломат албаны нэр хүндийг унагасан эл үйлдлийг нам гүм дараад л өнгөрч байлаа. Тэгвэл дипломат алба гэсэн энэ өндөр нэр төрийг  ашиглан өөрийгөө дархан цаазлагдагдсан мэт дураараа дургигч нар дахиад л хил гааль дээр үймээн шуугиан хэрүүл уруул үүсгэж явна. Энэ сарын 2-ны өдөр Алтанбулаг хилийн боомт дээр Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын ST003 дугаартай  цагаан микро автобус дүүрэн автобустай иржээ. Тухайн үед Алтанбулагийн гаалийн ахлах байцаагч Өнөрбаяр уг микро автобусанд үзлэг хийх гэтэл жолооч Сансар хэмээх залуу “Улаан-Үдийн консул Батсүхийн гэрийг ачиж явна. Та нар өөрсдөө шалгаарай” хэмээн хаалгаа онгойлгочихоод нам зогсчихсон аж.

Гэтэл Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар гэгч эр гаалийн ажилчдыг элдвээр дарамталж, “Ажлаас чинь халуулна” хэмээн сүрдүүлж, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлэн танхайрчээ. Монгол улсын хил халдашгүй дархан. Энэ хил гаалиар хэн дуртай хүн дур зоргоороо гарч орж болдоггүй гэдгийг эрхэм зөвлөх мартсан бололтой. Өөрт нь хууль ёсны дагуу шаардлага тавьсны төлөө Х.Лүндэнбазар зөвлөх  Алтанбулагийн гаалийн ахлах байцаагч Өнөрбаярыг ажлаас нь халуулахаар дарамталжээ.

Энэ үед Улаан-Үдийн Ерөнхий консул Батсүх машиндаа шал согтуу сууж байсан бөгөөд гаалийн байцаагч, зөвлөх хоёрыг маргалдах үед машинаасаа ч бууж ирээгүй гэнэ.  Дээрхи мэдээллийн талаар бид Сэлэнгэ аймгийн Алтанбулахг сумын гаалийн ажилтнуудаас тодруулсан бөгөөд тэд “Монголын дипломат албаныхан ямар ч онцгой  эрхтэй байж болно. Гэхдээ тэд Монгол улсын хил дээр гаалийн байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Гэтэл  Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар  болон консулын газрын ST003 дугаартай  цагаан микро автобусны жолооч Сансар нар тавьсан шаардлага биелүүлээгүй. Өөрсдөө ухаад үз. Өмнө нь яваад болоод байдаг. Та нар юу болчихсон юм” гэх мэтээр хэл ам хийж, ажил төрлөөс нь хална хэмээн манай байцаагчийг дарамталсан.  Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Лүндэнбазар гэгч энэ эр өмнө нь хоёр ч удаа Ланд маркийн жип автомашиныг ОХУ-аас оруулж ирж байсан. Мөн буу оруулж ирж байсан бүртгэл нь ч байгаа. Хэдийгээр Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар буу машиныг хуулийн дагуу худалдаж авч оруулж ирж байсан ч гэсэн бид энэ хүний тааварлаж яваа ачаа барааг шалгах шаардлагатай.

Тэр дагуу л шалгалт хийх шаардлага тавьсан” хэмээн ярьж байсан юм. Х.Лүндэнбазарын хувьд өмнө нь  Москва, Эрхүүд байрлах ЭСЯ болон Консулын газарт ажиллаж байсан нэгэн. Гэвч тэрээр Монголын төрөөс олгосон дипломат эрх мэдлийг хэн нэгнийг дарамтлах хэрэгсэл гэж ойлгодог бололтой. Х.Лүндэнбазарын оруулж ирсэн жип машинууд болон бууны  талаар гаалийн ажилчдаас тодруулахад “Энэ талаар нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ дипломат эрх ямбынхаа дагуу ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр машин авдаг. ОХУ-д ямар нэг татвар төлдөггүй”гэж ярьж байх юм. Зөвлөх Х.Лүндэнбазар гэгч энэ эр Монгол Оросын хооронд зугаалж, арилжаа наймаа хийж, албан тушаалаараа бусдыг далайлгаж байгаад Алтанбулагын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа гаалийн байцаагчид тун их харамсаж сууна. Тэд бас Монгол Улсын Гадаад хэргийн яам нэртэй гадаадад байгаа албан тушаалтнуудынхаа энэ мэт хууль зөрчдөг, ичгүүр сонжуургүйгээр эрх дарх эдлэх гэж улаардаг. Автомашин буу сум зөөж, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээрээ айлган сүрдүүлдэг, амин хувийн ашиг хонжоо харсан дарга, зөвлөх нартаа анхаарал тавьж ажиллах ёстойг ч сануулж байсан юм.

“Монгол Улсын дипломат албаны тухай” хуулийн 7.1.5-д Дипломат төлөөлөгчийн газрыг чиг үүргийг:  “Хилийн чанадад МУ-ын иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлэх” хэмээн тусгайлан зааж өгсөн байдаг.  Гэтэл Х.Лүндэнбазар зөвлөх зөвхөн өөрөө өөрийнхөө эрх дарх, ашиг хонжооны төлөө л энд ажилладаг бололтой. Хэрвээ тэр хүн үнэхээр л төрийн албан хаагч, төрийг төлөөлсөн элч төлөөлөгч юм бол Монгол төрийн хууль, хуулиа сахиулах үүрэг хүлээсэн хэн бүхнийг хүндэтгэн үзэх ёстой байсан нь дамжиггүй. Иймэрхүү ёс бус үйлдвэл гаргадаг, хууль зөрчдөг, хувийн ашгаа л хөөцөлддөг дипломатууддаа хэзээ арга хэмжээ авах юм бэ Пүрэвсүрэн сайд аа.

Эх сурвалж: www.shudarga.mn