С.Зоригийн хэрэг 17 жилийн дараа илэрсэн талаарх мэдээллийг "Ноцтой мэдээ" сонинд нийтэлжээ. Тэнд бичсэнээр С.Зоригийн хэргийн цаад эзэн тодорхой болсон бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Би ямар хүнд улсын баатар өгчихөв өө" гэж дороо дэвхцэн хашгирчээ гэх мэтээр бичсэн байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч Б.Ойдов өөрийн фэйсбүүк хуудсандаа уг мэдээллийг баталгаажуулж "Цаана чинь С.Зоригийн аллага илэрсэн гэнэ шүү. Нарийн мэдээллийг “Ноцтой мэдээ” сониноос уншаарай" гэсэн байх юм.
С.Зоригийн хэргийн сэжүүр олдсон нь нэгэнт тодорхой болсон бөгөөд түүний эхнэр Д.Булганыг маш нууц учир шалтгаанаар баривчлан хорьсон билээ. Түүнийг юуны учир хорьсон талаарх мэдээллийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хүртэл мэдэхгүй байна гэдгээ илэрхийлж байсан. Тэгвэл энэ нь маш томоохон агуулгатай өрнөж буй хэргийн мөрдөн байцаалт болох нь ойлгогдож байгаа юм. Олон жилийн турш илрэх эсэх нь тодорхойгүй байсан улстөрчийн аллагын хэрэг ийнхүү илэрсэн эсэх нь одоогоор албан ёсоор тодорхой болоогүй байна. Гэвч сонгууль дөхөж байгаа энэ цаг үед хэргийн талаар ямар ч зохиол өрнөж болохыг үгүйсгэх аргагүй юм