12.14

АЗИЙН ДИНОЗАВРЫН НИЙГЭМЛЭГИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОВ

Азийн үлэг гүрвэлийн судалгаа 1980-аад оноос дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болсон. Гэвч Ази тивийн үлэг гүрвэлийн судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сурталчилан таниулах хийгээд түгээн дэлгэрүүлэх, мөн залуу судлаач, оюутнуудыг сургах, дахин сургах, Азийн үлэг гүрвэлийн судалгаа шинжилгээний талаарх мэдээллийг солилцох, танилцуулах зэрэг бүтэц, зохион байгуулалт тус бүс нутагт үгүй байв.  ШУ-ны ихээхэн ирээдүйтэй энэ салбарыг хөгжүүлэхэд Ази тивд Умард Америк дахь “Сээр нуруутны палеонтологийн нийгэмлэг”-тэй төстэй “Азийн Динозаврын Нийгэмлэг” буюу Asian Dinosaur Association (ADA)-ийг Япон, Хятад, Монгол, Орос, Солонгосын эрдэмтдийн санаачлагаар 2012 онд байгуулсан юм. Нийгэмлэгийн гишүүнээр Япон, БНХАУ, Монгол, ОХУ-ын Алс Дорнодын үлэг гүрвэлийн судалгааны төв, БНСУ, Тайланд улс нэгдсэн бөгөөд энэ жил Малайз улс элсэхээр саналаа өгсөн байна. Түүнчлэн Азийн үлэг гүрвэлийн судалгааг хийдэг Европ, Америк, Австралийн судлаачид  оролцдог.

 

Тус нийгэмлэгийн төв нь Япон улсын Фукуй мужийн Динозаврын музейд байдаг бөгөөд Азийн үлэг гүрвэлийн ОУ-ын хурал 2 жилд нэг удаа урьдчилан тогтсон оронд болдог ба анхны хурал нь Япон улсад 2013 онд болж, удаах хурал нь 2015 оны 11 сарын 19-24-ны хооронд Тайландын вант улсын нийслэл Вангкок хотод боллоо. Тус хурлын үеэр болсон Азийн динозаврын нийгэмлэгийн Удирдах зөвлөл хуралдаж, Монгол улсын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, үлэг гүрвэл судлаач, доктор Х.Цогтбаатарыг Азийн Динозаврын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.