Нийгэм цаг үе хэцүүдэхийн хэрээр хүмүүс хүн чанараа гээж араатнаас дор авирлах боллоо. Хүйтэн царайтай хээрийн боохой хүртэл хүний нялх үрийг олбол өөрийн үр мэт хайрлаж, өсгөж торниулдаг түүх домог хүртэл байдаг. Тэгвэл дөнгөж төрсөн нялх үрээ хүйтэн орцонд хаяад явсан хэрэг өчигдөр шөнө гарлаа.
Тодруулбал, Эрдэнэт хотод өчигдөр 22 цагийн алдад дөнгөж төрсөн нярайг хүйтэн орцонд дан өлгийтэй хаяад зугтсан хэрэг гарсан байна. Азаар нярайг орцны оршин суугч болох арван жилийн охин олсноор амь аврагджээ. Одоогоор хүүхдийн бие сайн байгаа бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авч чадсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Харин нярайн эцэг эхийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд хүүхдийг асрах газарт хүлээлгэж өгөх юм.
Дашрамд дурдахад, Манай улсын Эрүүгийн хуульд эцэг, эх нь асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн заалт байдаг ба мөн хуулийн 117 дугаар зүйлд “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол 251-300 цаг хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг ажээ.