БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан-гийн манай улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар энэ сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа болж байгаа бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Айлчлалын үеэр хоёр орны зам тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
М.Өнөрөө