Улаанбаатар хотноо 2016 оны долоодугаар сард зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд олон улсын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажлын байранд ажилгүй иргэдээс сонгон шалгаруулах, шалгарсан иргэдийг үйлчилгээний ажилд бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 2015 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.
АСЕМ-ын уулзалтын хүрээнд зочид буудлын үйлчилгээний салбарт мэргэжлийн дараах 11 чиглэлээр ажиллах иргэдийг бүртгэж, сонгон шалгаруулах, мэргэжлийн ур чадварын сургалтанд хамруулах юм.
Үүнд:
Хоол үйлдвэрлэл тогооч,
Талх нарийн боов,
Зочид буудлын үйлчилгээний ажилтнууд буюу хаалгач,
Авто зогсоолын ажилтан,
Ачаа зөөгч,
Зочин угтагч,
Зочин хүлээн авагч,
Өрөөний үйлчлэгч,
Нийтийн талбайн үйлчлэгч,
Угаалгын ажилтан,
Зөөгч бармен,
Хөтөч тайлбарлагч зэрэг багтана.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын зочид, төлөөлөгчид байрлах зочид буудлуудад 3,200 орчим мэргэшсэн үйлчилгээний ажилтан шаардлагатай байгаагаас одоо ажиллаж буй 1,800 ажилтныг ажлын байрны чадавхжуулах сургалтад хамруулах, 600 орчим оюутан залуучуудыг хөтөч, тайлбарлагчийн ажлын байранд, 800 гаруй ажилгүй иргэдийг дээрх ажлын байранд зуучлах юм.
Бүртгэл, сонгон шалгаруулалт 2015 оны 12 дугаар сар 15-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг дуустал Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн Үндэсний төвд явагдана.