Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр 16.30 цагт Монгол Улсад буусан юм. Ерөнхий сайд Хван Гё Аны айлчлал энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахын дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь удаагийн айлчлал энэ удаа тохиож байгаа нь Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбоотой юм.



www.unen.mn