12.17

Олон ангит рекламаар архи сурталчлахаа болиоч

Дэлхийн талыг мориор эзэлж, аугаа их түүхийг бичин Нууц товчоо, Их засаг хуулиараа бахархаж явдаг монголчууд бид Ертөнцийн улс гүрнүүд дотор хамгийн том түүхийг бүтээсэн улс орнуудын эхэнд жагсаж байгаа нь үнэн. Харамсалтай нь энэ том түүхээрээ бид өнөө хэр бахархаж чадахгүй л явж байна. Өөрсдийн бүтээсэн Чингис хааны түүхээр биш өрөөлийн бүтээсэн хааныхаа түүхээр бахархаж, дэлхий дахинд сурталчилж буй. Бахархах түүх, омогших эх орныхоо тухай ганц том дэлгэцийн бүтээл туурвиж амжаагүй яваа гэхэд хэтийдэхгүй. 

Их хаадын тухай олон янзын кино байдаг ч тэр бүхэн дэлхийн урлагт хүрч чадаагүй гээд хэлчихэд шүүмжлэх хүн гарахгүй биз. Бодит үнэн ийм л байгаа.Монголын кино, тайзны урлаг дэлхий дахинаас хэдийнэ 30-40 жилээр хоцорч яваа. Гэвч өнөөгийн залуус орчин цагийн кино урлагтай эн зэрэгцэх гэж хичээж байна.

Хуулаад ч хамаагүй адилших гэж оролдож байгаа нь том ололт. Өдөр болгон нэг ангитай дэлгэцийн уран бүтээл ар араасаа мэндэлж байгаа. Найруулга, утга санаа, өгүүлэмж, жүжигчний ур чадвар зэрэг нь үнэхээр өрөвдмөөр байгаа ч тэд хөгжлийнхөө нэг үеийг туулж байна хэмээн өмөөрч болох юм. Цаашдаа уран бүтээл илүү чанаржиж, залуус ч олон бүтээл дундаас өөрийгөө олж чадна хэмээн хүлээж болно оо. Үзэгчид тэртээ тэргүй чанартай хийгдсэн бүтээл юу болох, зүгээр л реклам сурталчилгаагаар бусдыг татсан дэлгэцийн бүтээл үү гэдгээ ялгаж салгадаг болчихсон. 

Боловсролын төвшин дээшлэхийн хэрээр тэд юуг мөнгө төлж үзэх вэ гэдгээ ялгаж салгах нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ кино урлагт зайлшгүй шүүмжлэх нэг зүйл байна. Кино урлаг гэдэг зөвхөн зугаа цэнгэл төдий зүйл биш. Гурван хүүхэн нийлж шоудаж буйг дэлгэцээр харуулах нь кино урлаг биш. Дэлгэцийн тэр том бүтээлээс үзэгчид өөр өөрсдийн оюундаа сайн, муу, худал хуурмаг, өрөвч нинжин сэтгэл, хайрлах, энэрэх гэсэн олон сэрэл мэдрэмжээс нэгийг олоод гарах учиртай. Урлаг гэдэг тийм ч үүрэгтэй. Үзэгчдийг цэнгээхээс гадна тэдэнд урлагаар дамжуулан боловсрол олгож гэгээрүүлэх үүрэгтэй. 

Харамсалтай ч сүүлийн үед гарч буй дэлгэцийн уран бүтээл үзэгчээ гэгээрүүлэх боловсруулах гэдэг үүргээ мартчихаж. Бидний өнөөх зүхээд байдаг Солонгос савангийн дуурь хүртэл үзэгчдэд нэг зүйлийг бодогдуулж чаддаг. Ядахын мууд л тэд олон ангит киногоороо дамжуулан үндэсний хоолны урлагаа чинээнд нь тултал сурталчилж чаддаг. Үүний үр дүнд Солонгос хоол өнөөдөр дэлхийн хамгийн алдартай хоолнуудын жагсаалтад орсон гэхэд хэтийдэхгүй. Харин манай кино урлаг юу үзүүлж байна вэ. 

Дандаа худал хуурмаг, хүчирхийлэл, аллага, найз нөхдийн урвалт шарвалт. Тэр дундаа шоу цэнгээн архи дарсыг илүүтэй сурталчлах болов. Үүний нэг жишээ нь кино боловсрол олгох Боловсрол сувгаар гарч буй “Их хотын залуус” олон ангит кино. “Эмоци” продакшны уран бүтээлчдийн оролцсон энэ кино чухам ямар боловсролыг өнөөгийн залууст үзүүлэх гээд байгааг мэдэх юм алга. Залуусын гэмгүй сайхан үерхэл нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, хайр сэтгэлийн тухай өгүүлэх гэхээс илүү их хотын залуус хэрхэн архидаж, шартаж, согтож шогтдог вэ гэдгийг харуулах болов. Өдөр бүрийнх нь анги дээр л архи уух урлагийг сурталчилдаг. 

Гол дүрийн хэдэн залуус өдөр болгоны архидаж, бүсгүйчүүд нь вино уух урлагийг сурталчилна. Залуусын араас гүйлдсэн хэдэн хүүхнүүдийн балайрал, бүтэлгүй дурлал, гэнэн хонгор мангар том биетэй залуу, жүжигчин болох гээд чадахгүй аргаа барж буй хэдэн залуугийн л эх адаггүй тэнэглэлийг харуулах аж. Ямар ч өгүүлэмж, урлагийн үнэ цэнэ энэ кинонд алга. Дэлгэцийн уран бүтээл гэж хэлэхэд хэцүүхэн ийм зүйлийг урлагаар боловсрол олгох телевиз гаргаж буй нь бүр ч эмгэнэлтэй. Өнөө цагийн залуусын амьдралд архи уухаас өөр олон сайхан зүйл бий. Дэлгэцийн том бүтээл хийж байгаа бол ядахдаа л зохиолынхоо утга агуулгыг сайтар анхаарах учиртай бус уу. Монголын залуус архидаж өдөр шөнөгүй эрийн араас гүйдэг гэдгийг харуулах гээгүй л бол энэ уран бүтээлийг дахиад гаргахгүй байсан ч буруудахгүй. Юманд хэмжээ гэж бий. Хэдийгээр мөнгө санхүү хэцүү байлаа ч ивээн тэтгэсэн хэдэн байгууллагынхаа талаар олон ангит реклам хийж, түүндээ архийг ингэтэл нь сурталчилж байгаа жүжигчид, түүнийг гаргаж буй хэвлэл мэдээлэл өөрсөддөө дүгнэлт хийнэ гэж найдъя.

minfo.mn