1990-ээд онд монголчуудыг байлдан дагуулсан уран бүтээлч У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар саяхнаас дахин хамтарч эхэлсэн. Тодруулбал, тэд 23 жилийн өмнөх дуунуудаа шинэчлэн дуулж, сонсогчдоо баярлуулсан. Гавьяатууд “Сэтгэлийн үг” цомгоо гарган, хамтарсан тоглолтоо ирэх сарын 15-нд хийхээр төлөвлөсөн байна. Тэгвэл дахин хамтрах болсон талаар МУГЖ С.Эрдэнэцэцэг “Бид хоёр энэ олон жилийн дараа хамтраад дуулахад сэтгэлд нэг л сайхан байна. Хийж бүтээж байсан уран бүтээлүүдээ шинэ өнгө, шинэ хэмнэлээр дууллаа. Ард түмэн биднийг дахин хамт дуулаасай гэж хүсч байсан учраас их сайхан хүлээж авсанд баяртай байна” гэсэн байна.
Түүнчлэн МУГЖ У.Далантай та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсан гэх асуултад “Бид хоёр урлагаар холбогдсон уран бүтээлийн найзууд. Хэн хэн нь гэр бүлгүй, залуухан хос дуучид байсан учраас ард түмэн “Энэ хоёр дуучныг нийлүүлчих юмсан” гэж хүсдэг бас ярилцдаг байсан. Шар хэвлэлээр бид хоёрыг олон жил холбож ярилаа. Бидний дунд хайр сэтгэлийн ямар ч холбоо байгаагүй. Тэр ч байтугай бид хоёрыг хамтран амьдраад салсан гэж ярьдаг. Үнэндээ бидний дунд тийм харилцаа байгаагүй” хэмээн үгүйсгэжээ.