“Prius” машин түлш бага зарцуулдаг, монголын нөхцөлд тохирсон давуу талтай гээд эрэлт нэмэгдсээр байгааг авто худалдааны захуудаас харж болохоор. Сүүлийн үед хилээр дөнгөж оруулж ирсэн, бүртгэлгүй “Prius” машинтай жолооч нар зам тээврийн осолд холбогдох болжээ.
“Prius” машиныг Замын-Үүдийн боомтоор оруулдаг бөгөөд адарт хамгийн ихдээ 150-160 машин орж ирдэг. Орон нутгийн иргэдийн ярьснаар нэг машиныг боомт дээрээс нийслэл рүү ачуулахад 800-900 мянган төгрөг болдог тул мөнгөө хэмнэх зорилгоор ченжүүд нэг жолоочийг 150-200 мянган төгрөгөөр түрээслэн зүүн аймгууд нийслэлтэй засмал замаар холбогдсоноос хойш боомтоор оруулж ирсэн машиныг шууд нийслэл рүү дугуйгаар нь явуулдаг болжээ.
Ченжүүд ийнхүү зардлаа “хэмнэснээс” болж орон нутгийн замд гарах осол сүүлийн хоёр жилд нэмэгджээ. Хилээр оруулж ирсэн “Prius” машиныг 20-30 цуваа нийслэлийг зорьдог аж. Энэ үед жолооч хурд хэтрүүлснээс осол гарсаар байгааг орон нутгийн цагдаа нар ярьж байна.
Тиймээс хилээр дөнгөж орж ирсэн бүртгэлгүй, оношлогоо, даатгалд хамрагдаагүй автомашинаар хөдөлгөөн оролцох нь эрсдэлтэй байгаагаас Дорноговь аймгийн Цагдаагийн газраас Зам тээврийн яаманд санал гаргаж байгаа гэнэ. Тэр нь хил дээр оношлогоо, даатгалын үйл ажиллагааг явуулж бүртгэлтэй болгох санал юм байна. Ингэснээр осол, зөрчил гарахад хариуцах эзэнтэй болно гэж үзэж буй ажээ.
www.TOP.mn