Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан нилээд ширүүн боллоо. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Монголбанк"-ны ерөнхийлөгчийг загнаж, "Фортуна" Н.Батбаяртай барилцаж авах шахсан хурлын дараа "Монголбанк"-ны ерөнхийлөгч Н.Золжаргалаас Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ "Голомт" банктай 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан талаар асуухад тэрээр “Чухал асуудлаар мэдээлэл хийж байхад Засгийн газрын гишүүн З.Баянсэлэнгэ найман хувийн ипотекийн зээлийг 10 хувийн урьдчилгаатай холиод, Засгийн газрын баталгааг Монголбанкны баталгаатай холиод байна. Эсвэл зарим нэг нь улс төрийн өнцгөөс хараад байна. Зээлд хамрагдсан 80 мянган хүний хэний ч улс төрийн байр суурийг тодруулалгүй ипотекийн зээл хүрч чадсан. Одоо дахиад 200,300 мянган хүн зээл авах гээд урьдчилгаагаа бэлдээд, хүлээгээд байж байна. Гэтэл З.Баянсэлэнгэ нэг банктай хийсэн санамж бичгээ л яриад байх юм. Тэр санамж бичиг нь хууль эрх зүйн зохицуулалт мөн юм уу даа. Одоо найман хувийн зээлийг нэг ч иргэн авч чадахгүй байна. Яагаад гэвэл барьцаа хөрөнгө нь хөдөлдөг болчихсон. Барьцаа өмч хөрөнгөтэй холбоотой зургаан хөдөлгөөн байдаг. Түүний хоёрыг нь зохицуулах гэж байгаад бүгдийг нь үгүй хийчихлээ. Энэ найман хувийн зээл саяхан эхэлсэн одоо дөнгөж долоо, найман нас хүрч байна. Бид болохгүй байгаа асуудлаа засаад цааш явах хэрэгтэй” гэж ярьлаа.
www.top.mn