Төрийн ордны баруун талд "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ынхан эсэргүүцэл илэрхийлж Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж буй юм. Тэд Онон голын сав газарт, Ойн сан бүхий газарт хууль бусаар олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлага тавьж, суулт зарлаад удаж байна. Суулт эхэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дээрх хоёр асуудлаар шаардлага хүргүүлж, өчигдрийн 15.00 цагийн дотор хариу өгөхийг шаарджээ. Мөн Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт тавьсан байна. Гэвч тэдний шаардлагын хариуг өгөөгүй гэх шалтгаанаар өчигдөр орой тэд Төрийн ордон руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдав.

Төрийн тусгай хамгаалалтынхан тэдний энэ үйлдлийг зогсоожээ. Жагсагчид дотор “Гал үндэстэн” холбооны тэргүүн Г.Мөнхбаяр болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Х.Бээжин нарын хүмүүс байсан юм. Г.Мөнхбаярын хувьд өмнө нь Төрийн ордон руу нэвтрэхийг завдаж, галт зэвсэг хэрэглэсэн учраас хорих ялаар шийтгэгдэж, Өршөөлийн хуулиар суллагдаад удаагүй байгаа билээ.



-ГУТАЙН ДАВАА КОМПАНИД ХУУЛЬ ЗӨРЧИЖ АШИГЛАЛТЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ ГЭВ-
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар энэ оны наймдугаар сарын 13-нд “Гутайн даваа” компанид ашиглалтын зөвшөөрөл олгожээ. Уг компани нь 2003 онд тус нутагт хайгуул хийх тусгай зөвшөөрөл авч, Гутайн алтны үндсэн ордыг илрүүлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 3,174 тн алтны нөөц бүртгүүлсэн байна. 2012 онд тус бүс нутаг нь “Урт нэртэй” хуульд зааснаар Ойн сан бүхий газартай давхцалтай байсан тул ашиглалтын лиценз олгох боломжгүй байжээ. Харин хоёрдугаар сарын 18-ны өдөр “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” баталснаар Гутайн орд газар нь Ойн сан бүхий газрын давхцалаас гарсан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хэмээн Р.Жигжид сайд мэдээлсэн. Тэрбээр, “Гутайн даваа” компани нь Монгол-Канадын хамтарсан аж ахуйн нэгж бөгөөд Монголын тал 51 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр Гутайн ордны ТЭЗҮ-ийг батлуулжээ. ТЭЗҮ-д тус ордод таван жилийн хугацаанд 1.3 тн алт олборлох бөгөөд 205 хүнийг ажлын байраар хангах, 22.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тусгасан байна.
Одоогоор тус компани “Дэлгэрэх-Ач” компаниар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаа. Уг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр экологид сөргөөр нөлөөлнө гэж үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах юм. Тиймээс хууль зөрчин “Гутайн даваа” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” гэсэн юм.
Ж.МАРАЛ
www.medee.mn