Төмөрбаатарын Аюурсайхан (Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга , Эдийн засгийн ухааны доктор)
Анх эдийн засагч мэргэжлийг сонгоход танд хэн, бас юу хамгийн ихээр нөлөөлсөн бол?
-Арван жилийн сургуульд байхаасаа эдийн засагч, эсвэл гадаад харилцааны чиглэлийн мэргэжилтэй болно гэж боддог байсан. Тухайн үед 23 дугаар сургууль маань орос сургууль байлаа. Дөрөвдүгээр ангиасаа англи хэл үзэж, долдугаар ангид байхад япон хэлний анги анх нээгдэхэд нь япон хэл үзсэн. Бас тоонд дуртай хүүхэд байлаа. Ахлах ангид байхдаа Чингэлтэй дүүргийн тооны олимпиадын аварга болж байсан юм. Улс орон зах зээлд шилжиж байх үед буюу 1993 онд сургуулиа төгссөн. Шилжилтийн ийм үед математиктаа тулгуурлан эдийн засагч мэргэжил эзэмших юм бол улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах боломжтой юм байна гэж бодож, түүнчлэн мэргэжилдээ гадаад хэлний мэдлэгээ зориулбал онол практикийн талаасаа ч ач холбогдолтой гэж ойлгосон. Ингээд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд орсон доо.
Аав ээж маань миний боловсрол, хүмүүжилд анхаарч, байнга дэмждэг байлаа. Тэд хоёулаа инженер хүмүүс байсан. Аав маань техникийн талын мэдлэг боловсролтой, электроник сонирхдог, мужааны гарын дүйтэй, зураг зурдаг хүн байлаа. Бага байхдаа аавыгаа дагаж залуу техникчдийн ордны автомат, электроникийн хичээлд явж, Санжаа багштай хүүхдүүд бид анхны компьютерийг, Алтангэрэл багштайгаа анхны роботыг угсарч байв. Аавын минь мэргэжил надад бас нөлөөлж, одоо ч гэсэн техник сонирхдог хэвээр. Ээж маань хөнгөн хүнсний салбарт буюу Талх чихрийн үйлдвэрт олон жил технологичоор ажиллаж, улмаар Улсын ардын шалгах хороонд байцаагчаар ажилласан.
-Турк, япон, солонгосын сургуулиудад магистрын зэрэг горилж байхдаа харьцуулсан судалгаа олныг хийсэн байх. Монголын эдийн засгийн бодлогод наах зүйл мэдээж олон байгаа болов уу. Таны бодлоор, манай эдийн засаг хөгжихөд юу саад болж байна вэ?
-Жишээ нь, Турк улс сүүлийн жилүүдэд хөгжлийнхөө нэлээд боломжийн түвшинд хүрч, эдийн засгийн хувьд бэхжиж байна. Тус улсын хөгжил аялал жуулчлал дээр тулгуурласнаас гадна боловсруулах үйлдвэрлэл, арьс шир, оёмол нэхмэл бүтээгдэхүүн, хүнсний болон ариун цэврийн бүтээгдэхүүний салбарт багагүй амжилт үзүүлээд байгаа. Солонгосын хувьд техник технологи дээр тулгуурлан аж үйлдвэрийн салбаруудаа маш сайн хөгжүүлж ирсэн. Япон улс та бидний мэддэгээр техник технологийн салбарт дэлхийд тэргүүлж, түүгээрээ бусад улс оронд үлгэр жишээ болж байна. Япон улс байгалийн баялгаар хомс, газар нутаг нь харьцангуй бага, байгалийн гамшигт маш их өртдөг орон боловч эдийн засгийнх нь хөгжлийн цаад учир нь иргэдийнхээ мэдлэг боловсролд маш их анхаардаг явдал юм. Улс орны эдийн засгийн хөгжил, түүний өсөлт бол нэгдүгээрт, техник технологи, хоёрдугаарт, ард иргэд, ажиллах хүчний мэдлэг чадвар гэж тэд үзэж байна.
Манай улсын хувьд хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын туршлагаас нэвтрүүлээд явах боломж бүрэн бий. Харамсалтай нь зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил өнгөрсөн ч эдийн засгаа санасан хэмжээнд хөгжүүлж хараахан чадсангүй. Уг нь хийе гэвэл манай улс цомхон эдийн засагтай, хүн ам цөөтэй, байгалийн баялаг асар ихтэй, өргөн уудам газар нутагтай. Бүс нутгаа далайд гарцгүй хэмээн дутагдал маягаар ярьдаг боловч хоёр талдаа маш том зах зээлтэй, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтойгоо том давуу тал гэж боддог.
Хөгжиж өгөхгүй байгаагийн гол учир нь олж байгаа төсөв мөнгөө оновчгүй зарцуулж буй явдал. Боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь манай улсын хувьд хөгжлийн гарц болно. Эдгээр нь нь экспортод чиглэсэн байх ёстой. Ингэснээр гадаад зах зээл дээрх хязгааргүй нөөц боломжоос бид үр ашиг хүртэх боломжтой юм. Экспортод чиглэсэн энэ үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх вэ гэвэл, өнөөдрийн нөхцөл байдалд бид хаанаас ашиг олж байгаагаа эргэж нэг харах учиртай. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас авсан ашгаа боловсруулах үйлдвэрлэл рүү шингээгээд, түүнийгээ хөгжүүлж байж цааш явах ёстой. Уул уурхайгаас бид ашиг олж байгаа юу гэвэл тийм. Гэвч энэ ашгаа буруу зүйлд зарцуулаад байна. Үүнийг Голланд өвчин буюу баялгийн хараал гэж нэрлэдэг. Уул уурхайн баялагтай улс орны эдийн засаг өсөх ёстой байтал зөвхөн уул уурхайн салбар хөгжиж, боловсруулах болон бусад салбар уналтад орохыг голланд өвчин гэж хэлээд байгаа юм. Баялгийн хараалд бид нэрвэгдэж байна уу гэдгийг загвар дээр үндэслэн судалсан миний судалгаа бий. Сүүлийн 15-20 жилийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ашиглан загвар гаргахад Монгол улс голланд өвчинд нэрвэгдэж байгаа нь тоо баримтаар нотлогдсон. Уг нь, уул уурхайн энэ ашиг эдийн засгийг эерэг чиглэл рүү хөтөлж, бусад салбартаа дам болон шууд нөлөө үзүүлэх учиртай. Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд иргэддээ мөнгө амлаж, олж байгаа мөнгөө тарааж өгөх явдал урьд нь байсан. Цаашид харин ийм явдал гаргахгүй гэж ярьж тохирч байх шиг байна. Хоёрт, уул уурхайн салбарт авлигын асуудал бий. Үүнд орсон мөнгө буруу замаар яваад сүүлийн үед ялангуяа Таван толгой төсөл дээр ажиллаж байгаа удирдлагууд нь байнга л авлига хээл хахуулийн асуудалд орооцолдоод, олон тэрбум төгрөгөөр техник тоног төхөөрөмж, авто машины дугуй худалдаж аваад л, олон улсын интерполоор сурвалжлагдаад байна. Энэ бол уул уурхайгаас олсон ашиг орлого буруу зам руу явж байгаагийн л шинж. Үүнийгээ бид нэн тэргүүнд засч залруулаад, олж байгаа үр ашгаа эдийн засагтаа шингээх юм бол манай улсын эдийн засаг маш түргэн хугацаанд сэргэх боломжтой.
-Эдийн засаг л гэж байна, хөгжил л гэж байна. Оршин тогтнохоос илүү бид амь гарахын тулд ханцуй шамлан ажиллахаас өөр аргагүй болж байна. Ер нь хамгийн аюултай зүйл нийгмийн энэ тогтолцоо биш гэж үү?
-Сүүлийн жилүүдийн хямралыг хүн бүр ажил амьдрал дээрээ маш их мэдэрч байна шүү дээ. Цалин хөлс нэмэгдэхгүй атал бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байдаг. Хөдөө орон нутаг, нийслэлийн гэр хорооллынхны амьдрал асар хүнд байна. Бид газруудаар явж, хүмүүстэй уулзаж судлахад иргэд маань өрх гэртээ өдөрт 400 төгрөгийн төсөв зарцуулж байна. Үүгээрээ зах дээрээс очоод хоёр ширхэг төмс, нэг ширхэг сонгино, маш бага грамаар мах авахдаа хоёр ширхэг төмснийхөө нэгийг буцааж өгч байна гэнэ. Яасан гэсэн чинь худгийн усныхаа мөнгийг өгөхөө мартсан байна гэжээ. Иргэдийн амьдрал ийм хүнд болчихсон. Аж ахуй эрхлэгчдийн нөхцөл ялгаагүй хүнд байна. Иргэд худалдан авалт хийхгүй байгааг зах дээрх худалдагчид гайхширч байна. Энэ бол ерөөсөө л төрийн буруу бодлогоос болсон зүйл. Баялгаа олоод үүндээ зөв хуваарилалт хийж, бодлогоор зах зээлээ хөдөлгөх нь төрийн үүрэг. Нэгнийхээ санаачилсан зүйлд бид тээг тавих нь их байна. Санаачилсан төсөл хөтөлбөрүүд нь ил тод биш, бүрхэг байна.
-Харин ч төрд хамаг буруугаа чихэж, төрөөс мөнгө нэхээд сууж байдаг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс олон байгаа юм биш үү...
-Үйлдвэрүүд зогсонги байдалтай болж орон тоогоо цомхотгож байна. Үүний зохицуулалт нь үнэхээр төрөөс шалтгаалж байгаа юм. Бас таны хэлсэнчлэн ажил хийх дургүй, бэлэн тэтгэмж аваад сууж байх сонирхолтой хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Зах зээлийн нийгмийн онцлог бол хүн өөрөө боломж нөхцөлөө эрэлхийлэн олж, хөдөлмөрлөж, хөлсөө гаргаж байж амьдралынхаа нөхцөлийг бүрдүүлж, цаашдаа үр хүүхэд гэр орноо авч явах боломжтой болдог тогтолцоо юм л даа. Нэг талаас иргэд, ялангуяа залуучууд үүнийг өөрсдөө аль болох эрэлхийлж байх ёстой, нөгөө талаас төр энэ боломжийг гаргаж өгөх ёстой.
Манайд шүүмжлэгчид их болжээ. Сайд, дарга, төр засгаа хэлэх хэлэхгүй үгээр хэлээд, олон нийтийн сүлжээнд тавиад л... Шүүмжлэхээсээ илүүтэйгээр өөрсдөө үүнийг засч залруулахад яаж оролцох вэ гэдгийг бодмоор санагддаг.
-Эго бол бидний нийгэмд үлдэх шатахуун гэсэн үг байдаг. Хүмүүс үүнийг янз бүрээр л ойлгодог. Нэр төрөө өсгөхийн тулд Монголд ялангуяа зохиомол аргууд хэрэглэж байна л даа. Жишээ нь, сайн үйлсийн аянд нэгдэх ч юм уу... Тэгтэл сайн сайхнаа харуулна гэдэг чинь зориудаар үйлддэг бус аяндаа урсан гарч байдаг зүйл биш үү?
-Бид бие биедээ тус хүргэж байх ёстой. Аль чадаж байгаа нь чадахгүйгээ дэмжиж байх хэрэгтэй. Зарим хүмүүс тус хүргэснээ ихээхэн сурталчилдаг болжээ. Тус хүргэлгүй яах вэ. Гэхдээ тусыг хүргэсэн нь биш, хүртсэн нь ярьж хэлж байх учиртай гэж боддог.
-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр олон жил ажилласан гэхээр та хүнд нөлөөлдөг ажлыг удаан хугацаагаар хийжээ. Хүн өөрөө их нөлөөнд автамтгай бодгаль юм аа даа?
-Нөлөөнд автамтгай байлгүй яах вэ. Хүний амьд бие организм өөрөө гадны нөлөөнд автаж байдаг зүйл. Гэхдээ хүнд бас өөрийн гэсэн жанжин шугам, үзэл бодол, итгэл үнэмшил байх ёстой. Үүнийхээ дагуу ажиллахдаа гадаад нөлөөг зөвөөр тусгаж, авах гээхийн ухаанаар хандаж байх хэрэгтэй. Н.Багабанди ерөнхийлөгч асны шадар туслахаар багагүй хугацаанд ажиллаж, дараа нь гадаад бодлого, эдийн засгийн зөвлөхөөр ажилласан. Даргын зөвлөхийн нөлөө гэж юу байх вэ. Өмнөх ажлаа хийгээд л, тэр хүнийг бодитой, үндэслэлтэй, шинэ соргог, сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах үүрэгтэй байлаа.
-Олон баримт материалтай ажилладаг байсан байх. Зөвлөгч хүний гол чанар юу байх ёстой вэ?
-Ерөөсөө тодорхой асуудлууд дээр олон талын үнэн зөв мэдээллээр хангаж байх ёстой. Мэдээлэл нь аль болохоор гадаад орнуудын нөхцөл, дотоодын нөхцөл байдалд эн тэнцүү хандан, судалгаа, тооцоо, шийдвэрүүд, олон нийтийн хандлага, үзэл, төрийн байгууллагуудын үзэл санааг үнэн зөв, шаардлага хангахуйц хүргэхээс биш зөвлөгөө өгөхдөө хөндлөнгийн үзэл бодлыг дунд нь шингээх явдал байж болохгүй.
З.Э. Аливаад бид заримдаа сэтгэл хөдлөлөөр хандаад байх шиг...
Т.А. Сэтгэл хөдлөлөөр ямар нэг асуудалд хандаж болохгүй л дээ. Хүмүүсийн цөөнгүй хувь нь асуудалд сэтгэл хөдлөлөөр ханддаг. Манай улс төрийнхний дунд ч сэтгэл хөдлөлөөр хандаж байгаа зүйл анзаарагддаг. Би ч гэсэн хүн л юм болохоор миний сэтгэл ч бас хөдөлнө. Анхны сэтгэл хөдлөлийг аль болох өөртөө шингээж үлдээгээд, оюун ухаандаа тунгааж, олон талаас нь асуудлыг харж шийдвэрийг гаргавал өөр байдаг. Одоо бодоход би сэтгэл хөдлөлөөр юманд хандаж байсан бол олон шийдвэр өөр гарах байсан болов уу.
-Та сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чаддаг хүн гэсэн үг үү?
-Ер нь аль болох удирдахыг хичээнэ ээ. Багаасаа л тэгж зуршсан байх. Арван жилийн сургуульд байхдаа тодорхой хариуцлага, үүрэг хүлээгээд явахдаа шаардлагагүй сэтгэл хөдлөлийн нөлөөнд автахгүй байх тал дээр суралцсан юм болов уу. Аав ээж, багшийн маань, хамт олны, эрхэм хүмүүсийн нөлөө үүнд бий байх. Тэднийхээ үлгэр дуурайллыг өөртөө шингээж ажиллахыг хичээж байна даа.
-Хүний махан бие хязгаарлагдмал. Тэгтэл бидний сэтгэл хязгаарлагдмал бус шинжтэй. Бие, сэтгэл хоёр өөр хүслүүдтэй...
-Хүсэл мөрөөдөл хязгааргүй ч бодит боломж нь хязгаартай. Энд бид бодит боломжид тулгуурлахаас өөр аргагүй болдог. Боломжийг харахдаа хэрхэн түүнийг их болгох вэ гэдэг дээр л хүн толгойгоо ажиллуулж, хөдөлмөрлөж байж хүсэл мөрөөдөл бодит байдал хоёроо хооронд нь уялдуулдаг байх.
-Таны олон нийтийн төлөө хийж байгаа үйл, хувь хүний тань хүсэлтэй нийцдэг үү?
-Одоогийн ажиллаж байгаа байгууллагаа байгууллагын дайтай бэхжүүлэхийг нэн тэргүүнд зорьж байна. Зах зээл дээр шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэл дээр энэ байгууллагаа бодит амжилтанд хүргэчих юмсан, хамт олноо сайхан удирдах юмсан гэж ажиллаж байгаа. Ганц Аюурсайханы байгууллага биш шүү дээ.
-Олон нийтийн төлөө явж байгаа хүмүүс өөрсдийгөө зольж таардаг. Их бага хэмжээгээр тийм байх учиртай ч юм шиг. Та гэр бүл, арын амьдралаа хэрхэн зохицуулж ирсэн бэ?
-Дарга болохоороо хүмүүс ихэнхдээ л тарга тэвээрэг авч, өнгө зүс орж, амьдрал ахуй нь сайжраад ирдэг. Уг нь дарга болсон хүний хөлс гарч, таргалах биш турж, олон хүмүүсийн төлөө ажиллах үүрэг хүлээсэн учраас түүнийгээ биелүүлэх ёстой. Ингэж ажиллахад зарим тодорхой зүйлсийг орхих шаардлага зайлшгүй гарна. Ар гэртээ зарцуулах цаг хугацаа багасна. Үүнийг би байх ёстой л зүйлийн нэг гэж хардаг. Гэхдээ мэдээж харьцааг нь зөв олох учиртай. Ар гэрээ орхиж ерөөсөө болохгүй. Учир нь энэ бол хүний амьдралын хамгийн чухал нандин зүйл гэж би ойлгодог. Албан тушаал бол резинэн бөмбөг юм. Алдлаа гэхэд ойгоод эргээд ирнэ. Гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд бол шилэн бөмбөг юм. Алдвал хагараад л дуусна. Тиймээс эдгээр зүйлсийг ажлын шалтгаанаар орхигдуулж хэрхэвч болохгүй.
-Тавиас дээш насны хүмүүс хоёр янзын юм ярих юм. Нэг хэсэг нь “би ажил, карьерын төлөө яваад өөрийнхөө амьдралыг зольжээ” гэнэ. Нөгөө хэсэг нь “би хувийн амьдрал, хүсэл мөрөөдлөө дагаж явсан болохоор надад албан тушаал тийм ч чухал биш байсан” гэдэг...
-Үүнийг зөв хослуулах нь л чухал юм. Миний хувьд ар гэртээ анхаарал тавьж, үр хүүхдүүдээ ч зөв хүмүүжүүлж улс орондоо хэрэгтэй хүн болгож, ямар ч ажил хийж байлаа түүндээ сэтгэлээ бүрэн зориулж улс нийгэмдээ тустай зүйл хийх ёстой гэж боддог. Үүндээ ч итгэл үнэмшилтэй байна.
-Тэтгэвэрт гарахаараа та юу хийнэ гэж боддог вэ?
-Заримдаа энэ талаар үнэхээр бодогддог шүү. Би уран зурагт дуртай. Зурах, гэрэл зураг авах хообий бас бий. Тэтгэвэрт гарахаараа байгалийн сайхнаар гэр бүлийнхээ хамт аялаад, зураг зураад, зурсан зургаараа үзэсгэлэн гаргаж, ижил сонирхолтой олон найз нөхөдтэй болж, тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсч байна. Мөн тэр насанд ямар спортоор хичээллэж болохоор байна, түүгээр хичээллэнэ гэж боддог.
Эцэг хүн эх хүнийг бодвол үр хүүхдүүддээ алсуур нөлөөлдөг гэдэг. Та хүүхдэдээ юуг захидаг вэ?
-Хүүхдүүдээ шударга, ёс зүйтэй, ухамсартай, ах хүмүүсийг хүндэлж сонсдог, дүү нартаа зөв нөлөөлж өмөг түшиг болдог хүн болгож хүмүүжүүлэх ёстой гэж боддог. Өндөр төлбөртэй сургуульд сургаснаар хүүхдээ зөв сайхан хүн болгочих юм шиг ойлголт бий. Тийм биш болов уу. Хамгийн гол нь хувь хүн талаас нь хүмүүжүүлэх л чухал.
-Хувь хүний хөгжил бол улс орны хөгжил гэж ойлгодог...
-Тэгэлгүй яах вэ. Эдийн засгийн чухал хүчин зүйл нь хувь хүний хөгжил мөн. Энэ нь олон зүйлээс шалтгаална. Шилжилтийн, хөгжлийн үе шатан дээр байгаа улс орны хувьд төрийн бодлого их нөлөөтэй. Манайд гадаад чөлөөт худалдаа нээлттэй болчихлоо. Ийм үед ажиллах хүчин ихээр нэрвэгдэж, зах зээлийн харилцааны цохилтод ордог болохоор хүмүүсээ бэлдэхэд төрийн бодлого хэрэгтэй гээд байгаа юм.
-Та өөрөө хөгжихийн тулд ямар зарчим баримталдаг вэ?
Суралцсаар байх. Хүн насаараа л суралцдаг гэж ярьдаг шүү дээ. Дунд сургуулийн дараа дотоод гадаадад хэд хэдэн сургууль дүүргэж, эзэмшиж байгаа мэргэжлийнхээ эрдмийн зэргийг хамгаалсан ч гэсэн өнөөдөр ч суралцсаар байна. Ажлын хамт олон, олон нийтээс, тантай ингээд ярилцахдаа ч бас суралцаж байна. Ямар ч хүнээс суралцах чанар байдаг.
Таны ч, миний ч хийж байгаа зүйл ирээдүйн сайны төлөө, сайжрахын төлөө л гэж ойлгож байна. Хааяа бодохоор, бид ялангуяа Ардчилсан нийгэм ялснаас хойш л үнэндээ зовлон бага үзэж байгаа юм уу даа. Олон хүчин зүйл бий л дээ, гэхдээ ер нь сайн цаг гэж ямар цагийг хэлэх вэ?
Хууль зөрчих явдал хаа сайгүй, алхам тутамд тааралдаж байна. Түүнийг дагаад хариуцлага гэж зүйл огт алга. Хүмүүс хууль зөрчсөнийхөө хариуцлагыг хөнгөхөн улс төржүүлээд л өнгөрчих жишээтэй. Үүнд нь нийгэм цөхөрсөн байдалтай. Үг хэлээ, дуу хоолойгоо гаргаад ч нэмэргүй гэх болж.
Эрин үе ээлжилдэг гэж ярьдаг. Тодорхой эрин үед муу хүмүүс нь дэвжин дээшилж, сайн хүмүүс нь зовж зүдэрч байхад зарим цаг үед сайнууд нь амжилттай сайхан явж, муу хүмүүс гороо амсаж байх. Өнөө үе миний бодлоор сайн хүмүүс дэвжиж байгаа үе яавч биш л байна даа.
Ирэх жил сонгууль болно гээд шуугиж байна. Холио солио байнга л явагдах юм. Би нэг их улс төр яримааргүй байна л даа. Гэхдээ хаана хаанаа жудаг гээч юм дутагдаж байгаа юм болов уу.
Улс орны амьдрал тэр чигтээ сонгуулийн циклээр явдаг болчихсон. Төрийн залгамж чанар гэж алга. Энэ асуудлыг нэг тийш болгохгүй бол ард түмэн чирэгдэж байна. Байгууллагынхаа хувьд би өмнөх даргынхаа чадсан чадаагүй, хийж хэрэгжүүлье гэсэн болгоныг үр дүнд хүргэх ёстой гэж бодож байна.
Мэргэжил бүхэн сайхан. Багш, эмч, инженер гээд хэн ч бай хийж буй ажлаа хийсэн шиг хийдэг байх чанарыг би эрхэмд тооцдог. Ингэж өөрийгөө зориулбал улс орон дороо хөгжинө.
Та бол боловсролтой хүн. Боловсролтой хүн аливааг өөрөөр таашаадаг уу?
Аливаа зүйлийн гоё тансаг байдлаас биш, өөрийн гоо сайхантай, хийж бүтээхэд онцгой, зөв зүйтэй, ихэнхдээ энгийн зүйлээс таашаал авна.
Хамгийн сүүлд та ямар ном уншив?
Барон Унгерны тухай орос хэл дээр хоёр боть ном гарсныг саяхан Оросоос найз маань явуулсныг уншиж байгаа. Нэртэй цуутай хүмүүсийн ажил амьдралын туршлага, алдаа онооны тухай номууд сонирхлыг маань их татдаг юм. Ер нь ном унших дуртай шүү.
Эх сурвалж: Time.mn