12.30

Монголд өвөлжилт хүндэрч, махны үнэ унажээ

Энэ сарын 23-ны өдөр “Синьхуа” агентлаг Монголд өвөлжилт хүндэрч, махны үнэ унасан талаар мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлэлд, “Цас их унаж, хүйтэрсний улмаас Монголын 146 мянган малчин өрх хүндхэн өвөлтэй золгож байна. Тус улсын Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь 6-40 см зузаан цасанд хучигджээ. Зарим бүс нутгаар агаарын температур Цельсийн 40 хэм хүрч хүйтэрч байна.

Их хүйтэн өвөл болж байгаа нь Монголын 56.2 сая толгой малын өвөлжилтөд хүндээр тусах магадлалтай. Далайд гарцгүй Монгол орны малчдын амьжиргааны гол эх үүсвэр нь үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ маллах юм.

Өвөлжилт хүндэрсний улмаас Монголд махны үнэ урьд өмнө нь байгаагүйгээр унаж байна. Малчид мөнгөтэй золгохын тулд малаа нядлаж, Улаанбаатар зэрэг томоохон хот руу нийлүүлж байна. Үүний улмаас махны нийлүүлэлт хэтэрч, үнэ нь ихэд унажээ.

Нэг кг үхрийн махны үнэ 4000, хонины нэг кг мах 3500 төгрөг байгаа нь өнгөрсөн жилийнхээс буурсан үзүүлэлт юм.

Архангай аймгийн малчин ярихдаа “Малын тэжээл маш үнэтэй байна. Би тавхан уут тэжээл авсан. Манайх 500 хонь, 10 үхэртэй” гэв. Мөн тэрээр хүү, охин хоёр нь Улаанбаатар хотод сурдаг, махны үнэ унасан учир хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн хэмээв.

Монголын засгийн газар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул 21 аймагтаа 150-250 сая төгрөг хандивлах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Монголын малчид махны худалдааг дэмжих зорилгоор махаа БНХАУ, ОХУ зэрэг улс руу экспортлох хүсэлтэй байна. Гэвч, Монголын мал эмнэлгийн үйлчилгээ болон малын вакцинжуулалт муу учраас экспорт төдийлөн нэмэгдэхгүй байна” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ