ГИНЖИНД ХОРГОДОХ СЭТГЭЛ
Нийслэлд цөөхөн үлдсэн цэлгэр талбайн нэг тавдугаар сургуулийн өмнөх Ататюркийн хөшөөний дэргэд хүүхдүүд алтан гинж таслаж тоглохыг харж суусан танил маань, “Энэ тоглоомыг монголчууд хэдэн ч үеэрээ тоглож байгаа юм болдоо” гэж ёозгүйхэн хэлдэг байгаа. Тухайн үедээ хүүхдүүд мөрөөрөө тоглож байхад хүйтэн үг унагасанд нь зэвүүрхээд, юу бодож тэгж хэлсэнийг нь анзаарсангүй. Харин энэ хавар мөн л өнөөх талбай дээр хүүхдүүдийн тоглохыг сонсоод танилынхаа хүйтэн үгийг ойлгох шиг болов. Гинж. Гинж гинжиндээ бүр алтан гинж шүү. Бидний өмнөөс гүйх хэн нэгэн хэзээд олддог. Алтан гинж таслахад өөрийг нь дуудаагүйд баярлан гинжнийхээ нэг хэсэг болон үлдэх доройхон сэтгэлзүй манай нийгмийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг болжээ. Хэн нэгэн бидний эрх ашгийг хамгаалах ёстой. Хэн нэгэн бидний өмнөөс тэмцэнэ. Хөх цэрэг тэнгэрээс бууж ирнэ. Тэр нь Чингисийн хойд дүр байх юм гэнэ.
Муамар Каддафигийн үед Ливчүүдийн амьдрал одоогийнхоосоо хавьгүй сайхан байсан гээд тэр үндэстний өмнөөс харуусан шогшрох олон улсын тоймч, социализмын үед эрх чөлөө хумигдмал байсан ч амьдрал арай ч өнөөдрийнх шиг байгаагүй гээд түүнийгээ гэмт хэргийн статисткаас эхлээд олон зүйлээр барим тавим нотлохыг оролдох их сургуулийн багш хоёрын өгүүлэн буй түүх нь өөр боловч, үгүйлэн санаж буй нийгэм нь агаар нэгэн юм.
Эрсдэлийг хэн их сөрнөв, түүнд амьдралын бялуунаас арай томхон зүсэм ноогддог капитализмын хууль бидний олонхид анхнаасаа л таалагдаагүй. Энэ хуулийг сайнаар ч, муугаар ч дагаад нийгмийг урагш нь чирч яваа цөөнхөө олонх нь ямагт хялайн харж, сүүлийн үед хувьсгалд улаан цайм уриалах болов. Энэ дорой сэтгэлзүй нь хэчнээн олон ов зальтнуудыг тэжээж, индэр өөд мярайх баастай гутланд нь ивээс болж буйг үймсэн олон ойлгохгүй.
ГИНЖИН ХЭЛХЭЭ
1988 онд байгуулагдсан Улс төрийн ахмад зүтгэлтний хороо буюу өнөөгийн Ахмадын холбоо нь гээч нь өдгөө МАН-ын дайчин дэмжигчдийн нэгдэл болсон. Үүнийг нь анзаарсан АН-ынхан Ахмадын холбооны орон нутаг дахь салбар зөвлөлүүдэд олгодог байсан дэмжлэгээ зогсоож, ардчиллын партизан Г.Баасангийн удирддаг Монголын чөлөөт ахмадын холбоонд олгох болжээ. Үүний үр дүнд нэг талаас хуучин нийгмийн үеийн дарга нараас удирдлага нь голчлон бүрдэх МАХ, тэмцэгч Г.Баасангийн удирдах МЧАХ хоёр монголын ахмадуудыг санаатай, санамсаргүй хоёр хувааж орхих нь тэр. Зарим ахмадууд холбоогоо сөнөж мөхлөө гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь одоо л жинхэнэ хөгжлийн замдаа орох нь гэлцэх болжээ. Ямар сайндаа л Увс аймгийн удирдлагууд Ахмадын өдрөөр хийх арга хэмжээнд зориулж хэдэн төгрөг өгөх үедээ аль аль намынх нь дэмжигчдийг адилхан оролцуулахыг анхааруулж байхав дээ.
Социалист нийгмийн салшгүй хэсэг болсон Хувьсгалт залуучуудын эвлэл, Ахмадын холбоо, Пионерийн байгууллагын төв зөвлөл, Баатарчууд, Зохиолчдын эвлэл, Үйлдвэрчний төв зөвлөл, Ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн Холбооны Төв зөвлөл гэх мэт байгууллагууд хувь гишүүдийнхээ үзэл бодол гэхээсээ намын үзэл сурталыг нийгмийн бүхий л хүрээнд хүргэх чиг үүрэгтэй байсан нь үнэн. Нэг талаараа одоо бидний ихээр ярьдаг төрийн чиг үүргийг хуваалцаж, төрөөс санхүүжин ажиллаж байсан байгууллагууд. Үнэндээ төрийн аппаратаас онц ялгарахгүй. Сэтгүүлч Б.Номинчимэд эдгээр байгууллагууд “Соц систем яг системийнхээ механизмын хувьд иж бүрэн төгс ажиллагаатай байсан санагддаг” хэмээж буй нь үнэн дүгнэлт. Нийгэм орвонгоороо эргэсний дараа энэ бүтцүүд харин хэвээр үлдсэн. Өмнөх нийгмийн лугших судас болж байсан эдгээр байгууллагуудын оршин тогтнох итгэл үнэмшил нь хийсвэр, догма зүйл болчихсоныг харсан ч хараагүй юм шиг царайлж, дарга цэрэг болж тоглосоор бид өнөөдөртэй золгожээ. Наанадаж дээрх байгууллагуудын өмч аль замаар, хэний гараар орсныг хуучин нийгмийн үед тогтсон сайн нэр хүндийг нь ашиглаж, шинэ нийгэмд байр сууриа олсон дарга нараас нь асууж, хариуцлага тооцох цаг болсон байна. Лавтай л эвлэл бүхэн зуслан, аж ахуйтай байсан. Одоо тэр бүхэн хаана байна?
2000-аад онд юмдаг. Н.Энхбаярын засаглалын үед МҮЭХ-ны ерөнхийлөгч асан Г.Адьяа сэтгүүлчдийг дуудаж цуглуулаад “Хөдөлмөрийн хүний төлөө нам” ч бил үү, нэг тийм утгатай өргөмжлөлийг МАХН-д өгч орхив. Шагналд нь тойрог авч, эвлэлийн идэвхтнүүдээ сайн ажиллуулсны хүчинд парламентад сонгогдсон гэж байгаа. Удаах ерөнхийлөгч Н.Содномдорж нь ч ялгаагүй арга замаар хууль тогтоогч болсон. Н.Гэрэлсүрэн, Б.Эрдэнэчимэг нарын Эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд ч энэ аргыг чадамгай ашигласан. Үнэндээ цаад улс төрийн хүчнийх нь баталгаатай тойрог авах тактик л даа. “Бэлгэвч” маягаар л ашиглачихсан хэрэг. Хэн хэндээ ашигтай хамтын ажиллагаа. Харин энгийн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн хүнд наалдсан юм үгүй. 1998 онд болсон “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэх цогц арга хэмжээ ч тэр үеийн залуучуудын холбооны ерөнхийлөгчийн улс төрийн карьерийн чухал хэсэг яах аргагүй мөн.
Хамрах хүрээ, ашиг сонирхол нь бүрхэг ийм байгууллагууд ардчилал бэхжих тусам үнэ цэнээ алдаж, ор нэрийн төдий болон мартагдаж байгаа. Гэхдээ олон нийтийн ухамсарт соц нийгмийн үеэс хавж орсон гинжний үзүүрээс чангааж, улс төрд харайж орох эрмэлзэл одоо ч хариагүй байгааг Залуучуудын холбооны сүүлийн үеийн үйл ажиллагаа гэрчилнэ. Орон сууцны хөтөлбөр нь муу нэр дуулж, “Илгээлтийн эзэн” аян явуулж, “Залуучуудын үнэн” сонинг сэргээн гаргаад зогсохгүй, одоо улс төрийн намын хэв шинжийг олж, онлайн сонгууль хийж байна. Бүр ард нийтээс санал асуулга авч УИХ-д сонгож болохгүй улс төрчдийн хар жагсаалтыг гаргана хэмээн дүрэмдэв. Энэ нь монголын залуучуудад ямар хэрэгтэйг А.Мөнхбат л мэдэж байгаа байх. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох шинэ популизмын санаачилга харин хэний хавтаснаас гарсаныг тааж ядах юмгүй. Бүр болоогүй томоохон аж ахуйн нэгжүүдийн татвараас төвлөрүүлэх замаар орон сууцны зээлийн сан байгуулах коммунист санаачлага явж байгаа шүү.
Орон нутагт салбар нэгжтэй, хамрах хүрээ, хариуцлагын тогтолцоо нь ойлгомжгүй, ерөнхийгөөс ерөнхий, хийсвэр зүйл ярин амь зогоосоор байгаа иймэрхүү дүрээ хувиргасан намууд бохир улс төрийн хөзөр болсон жишээ цаашаа өчнөөнийг дурьдаж болно. Орчин цагт улс орон даяар сүлжээтэй, иймэрхүү хуурмаг төрийн бус байгууллагууд бус үзэл санаа, ашиг сонирхлоороо нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд л амьд байж чадна. Бусад нь буруу замаар будаа тээж, буцахдаа алт тээхээр муйхарлах нь аргагүй.
ГИНЖИН САВАЛГАА
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 10-т “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалт дурайж бий. Энэ заалт ёсоор монгол улсын иргэн хэнбугай ч дээрхийн адил үйл ажиллагаа явуулах эрхтэй. Хэдхэн хоногийн өмнө гаргасан улсын этгээдийн гурван сарын мэдээн дээр 19396 төрийн бус байгууллага бий гэх тоо байна. Зуун айлд байрлах Иргэний бүртгэлийг тойрсон жижиг хууль зүйн товчоод өдөрт 2-3 төрийн бус байгууллагыг эх барьж авдаг. 180 мянган төгрөг бэлнээр өгөөд, тэндэхийн хуульч залууст санаа зорилгоо аятайхан ойлгуулаад, үүсгэн байгуулагчдын баримт бичгийн хуулбарыг тушаасан байхад ажлын гурав хоногийн дотор та төрийн бус байгууллагатай болчихно.
Монголчуудын гүйлгээ ухаан, овсгоо самбааны хамгийн тод жишээ нь энэхүү “иргэний нийгмийн хөгжил” билээ. Салбартаа ганц ч жил ажлаагүй залуу үндэсний тодотголтой төрийн бус байгууллага байгуулж, зовлон жаргалыг нь огтоос ойлгохгүй нийгмийн хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалагчаар өөрийгөө сайн дураар томилж орхино. Тэгээд л “тонуучилж” эхэлнэ дээ.
Баянхонгор аймгийн сайчуулыг тодруулж, “Алтан мазаалай” цом гардуулна гэсэн танилдаа “мазайлайнаасаа олон тараачихав даа” гэж хэлчихээд, сэтгэлд нь юм хийчихвүү гэж үүнийг бичигч одоо хүртэл санаа зовж л явна. Нийслэлийн ногоон бүс Халзангийн давааны өвөр, Хустайн амд Ц.Доржсүрэн гэх буурай амьдардаг. Тэр газарт 64 жил амьдарсан Ц.Доржсүрэн гуай Хустайн амны модыг бараг л тоолчихсон хүн. “100 мянган ширхэг модтой үрсэлгээний талбай байгуулсан. Тэр талбайг маань энд сууц, эзэмшлээ барьсан этгээтүүд талхалж сүйтгээд байсан учраас 80 мянгыг нь Тэрэлжид дөрвөн жилийн өмнө аваачиж үрслүүлсэн. Одоо 2-5 метр ургаж байна” гэж ярих өвгөнийг би жинхэнэ иргэний нийгмийн зүтгэлтэн гэж ойлгоод байгаа юм. Байгаль хамгаалагч нэртэй байгалын тонуулчидтай насан турхруу тэмцсээр яваа Ц.Доржсүрэн гуай тэр хавийн иргэдээ цуглуулж “Аавын баян хангай” нэртэй төрийн бус байгууллага байгуулснаар барахгүй, тэр хавийн ойг өмчилж, арчилж хамгаалах санаачилга гаргаад хөөцөлдөж яваагаа жил гаруйн өмнө дуулгасан.
Жил гаруйхны өмнө зочид буудалд хүчиндүүлсэн залуу бүсгүйд Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаа тавьж, хэвлэлийн хурал зарлав. Харамсалтай нь тэр хурлын төгсгөлд өнөөх бүсгүйг бараг л биеэ үнэлэгч гэсэнойлголт сэтгүүлчдэд төрсөн. Үнэндээ уг холбооныхон хөөрхий эмэгтэйгээр дамжуулж амьд байгаа гэдгээ илэрхийлэхийг хүсэж л дээ. ХЭҮК-оос сэтгүүлчдэд зориулан явуулсан сургалтын үеэр “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн тэргүүн Д.Энхжаргал иймэрхүү хуурмаг төрийн бус байгууллагууд жинхэнэ иргэний нийгмийн байгууллагууддаа хэрхэн тээг шавар болдог тухай ярьсан юм. Орон нутагт 18 салбартай болж, таван хамгаалах байр байгуулсан тус төвийг энгийн иргэд төрийн байгууллагатай хольж хутган ойлгодог нь тэдний үйл ажиллагаа хүмүүст ач тусаа өгсөний илрэл гэж харж болохоор. Д.Энхжаргалын ярьснаар эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “хуурмаг төрийн бус байгууллагууд”-ыг сүүлийн үед зөвхөн дотоодын иргэд байгуулахаа больжээ. Юу хийдэг нь мэдэгдэхгүй шар толгойтнууд монголд төрийн бус байгууллага байгуулж, гаднаас ирсэн зорилтот төслийн мөнгийг тоншдог болсон аж. Үүн дээр нэрмээд салбар салбарын томоохон албан тушаалтнууд ТББ байгуулж, төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэх нэрийдлээр нийтийн мөнгөнөөс шамшигдуулдаг улайрсан тонуулын талаар тэр дурьдаж байсан юм. Энэ мэтийн улайрсан мэхлэлтүүдийн эсрэг хүчээ нэгтгэж ажиллахаар энэ чиглэлийн долоон ТББ нэгдэн “Mоnfemnet” нэртэй сүлжээ байгуулсан байна. Монголд салбар бүрт иймэрхүү төлөвшсөн ТББ-ууд бий. Гэхдээ өнөөдөртөө бол Р.Чойномын хэлснээр “Алт живж, холтос хөвсөн” хэвээр л байна.
ГИНЖТЭЙ ЭРХ ЧӨЛӨӨ
Эрх чөлөө гэх хоосон үгээр халхалсан алтан гинжинд бид ороогджээ. Бидний өмнөөс асуудлын гүн рүү ханцуй шамлан орсон ч, үнэндээ хуруугаа ч хөдөлгөөгүй цагаан захтануудын дархалсан гинж. Гэхдээ энэ гинжний бэлдэц нь бидний иргэний ухамсар, “Талын бэртэгчин” сэтгэлгээ. Үүн дээр нэрмээд манай иргэдийн толгойд гүн бат суусан социализмын утопи.
Мөн л социализмын үед үзэл сурталын томоохон машин байсан Монголын зохиолчдын эвлэлийг шинэчлэхэд тохиолдож буй бэрхшээлийн талаар УЗ-ийнх нь дарга Ц.Буянзаяа өгүүлж байна.1990 онтой хамт уран зохиолд шуургалан орж ирсэн утга зохиолын шинэчлэгч залуус цагийн эрхээр МЗЭ-ийн удирдлагыг гартаа авахад байгууллагын байр нь манай нэгэн алдарт яруу найрагчийн өмчлөлд орсноос гадна, статус нь тодорхой бус самуурсан газар угтжээ. Уг бүтцийг гольдролд нь оруулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах олон нийтийн байгууллага болгож чадсан ч МЗЭ-ийн мөн чанар огтоос өөрчлөгдөхгүй өнөөдрийг хүрлээ гэж тэрбээр ярьсан юм. Үүний шалтгааныг Ц.Буянзаяа “Ухамсраа л өөрчил гэж зохиолчдод хэлмээр байна. “Шинэчилье” гэж орилхоосоо өмнө уураг тархин дахь ухамсраа өөрчил. Үүний дараа бодитой алхамууд хийж болно. Зохиолч хүн уран зохиолын зах зээл дээр амьдрах чадвартай байх ёстой. Бусдаас юу ч хүсэх
ёсгүй. Би зохиолч хүн, намайг тэгсэнгүй, ингэсэнгүй гэж гоншигнох нь өөрөө зохиолч хүний үйлдэл биш. Үзэг байна, цаас байна, өөр юу хэрэгтэйюм”хэмээн тайлбарласан юм. Нийгмээс түрүүлж явах ёстой уран бүтээлчдийг нэгтгэсэн олон нийтийн байгууллагын тэргүүн ингэж хэлж байна.
Даяарчлагдаж, хавтгай болж буй ертөнцийн тавцангаасгулгаж унах уу, тэсэж үлдэх үү гэдэг эргэлтийн цэг дээр бид аж төрж байна. Тиймээс оюун санааныхаа хөлийг тушсан гинжийг тасдаж байж л бид урагш алхана. Эрх чөлөөтэй амьдарч чадна.
Я.Баяраа